Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Миний бие улс төрөөс явах гэж байгаа юм биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 53 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна.

-Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэнд хандаж Монгол Улсын Ерөнхий сайд миний бие та бүхэнд таагүй мэдээлэл хүргэх гэж байгаад харамсч байна.

Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөхдөө үнэхээр хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсныг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол үнэхээр хүнлэг бус үйл явдал болсон. Би бас эцэг хүн гэр бүлтэй, үр хүүхэдтэй, охин хүүхэдтэй хүн. Энэ үйл явдал надад эцэг хүний хувьд ч, улсын Ерөнхий сайдын хувьд ч сэтгэлийг минь эмзэглүүлсэн үйл явдал болсон гэдгийг хэлмээр байна. Тэр эмэгтэйгээс, ард иргэдээсээ тэр хариуцлагагүй үйлдэл хийсэн нөхдийн өмнөөс чин сэтгэлээрээ уучлалт гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хэлмээр байна.

Энэ бол хариуцлагагүй үйл явдал. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийхээ үгийг сонсдог, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж бодож, эрмэлзэж ард түмнийхээ өгсөн үүрэг хариуцлагыг хүний ёсоор хариулахсан гэж хичээж ирсэн.

Цар тахал гэж хүн төрөлхтнийг дэлхий нийтээр цороож байгаа энэ хэцүү цаг үед ажиллаж амьдарч байна. Цар тахлыг амжилттай давж гарахын тулд ЗГ, УОК чадах бүхнээ хийж ажилласан. Бидэнд амжилт бүтээл байгаа. Бас алдаа оноо байгаа. 10 сарын хугацаанд хөл хорионы дэглэм тогтоож шуурхай ажилласны хүчинд ямар нэгэн хүн нас бараагүй байна.

Бидний хийж байгаа энэ ажил Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй ажил учраас алдаа оноо байсан. 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотыг бүрэн зогсоож, том том аймгуудыг хорио цээрийн дэглэм тогтоож, тэг зогсолт хийх хүртэл арга хэмжээ авсан. Энэ явцад алдаа оноо гарсан. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардаг.

Гэхдээ миний ард төрийн албан хаагчид гэр бүлээ орхиж, цаг наргүй гал дунд ажиллаж байсанд баярлаж байна. Гэхдээ хариуцлага алдаж хөөрхий эмэгтэйг ямар хэцүү байдалд оруулсныг харсан. Гэхдээ бид алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Энийг би Ерөнхий сайдын хувьд хэлж сануулж ирсэн. Харамсалтай нь бид тэр хөөрхий эмэгтэйг хүний нүд хальтрам, сэтгэл эмтрэм ийм байдалтай авч явсанд би Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уучлал хүсч байна.

Энэ явдлаас болж миний кабинетийн хоёр сайд надад огцрох өргөдлөө өгсөн. Би өөрөө цэргийн хүн, офицер хүн. Дайны галын шугамд өөрийн командтайгаа орж ялвал хамт ялж, ялагдвал тэр довон дээрээ ясаа тавьдаг цэрэг хүний хувь заяа байдаг. Тиймээс би энэ кабинетийг байгуулахдаа энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөж байсан юм. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Үүнд би харамсч байна.

Өчигдөр саяны болсон үйл явдалд ялангуяа залуус маань сэтгэл зовж Сүхбаатарын талбай дээр цугларч, төр засагтаа харамсч, хариуцлагагүй байгааг нь шүүмжилсэн. Энэ бол зөв зүйтэй алхам гэж бий харж байна. Энэ шаардлагыг би хүлээн авч байна. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байгаасай гэж хүсч байна. Энэ бол шинэ соёл. Өөрийнхөө алдааг хэн нэгэнд наагаад ард нь нуугдаж үлддэг зан бол удирдагч хүний хийх ажил биш. Миний хүүхэд байхаасаа хэвшүүлсэн зүйл бол хариуцлагаа өөрөө ухамсарлаж, үүрэх. Энэ эр зоригийнхоо үүднээс хариуцлагаа үүрч Монгол Улсын Ерөнхий сайдаас огцорч байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Жагсаал цуглаан болж байгаа үйл явдлыг далимдуулж улс төрийн үйл ажиллагаанууд явагдсан. Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга ард түмнийг үймээнд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмнийг тайвнаар жагсах үйл явцыг алдагдуулсан. Миний итгэл найдвар үнэхээр алдагдаж байна. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, өдөөн турхирах арга хэмжээ зохион байгуулахыг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэж би бодож байна. Тийм учраас би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн иститут, Засгийн газрын хооронд улс төрийн зүй бус харьцаа үүсэх вий, үүнээс болж ард түмэн турхирагдан орох вий, Монгол хүний ам нас алдах вий гэдгээс урьдчилсан сэргийлж байгаа юм. Дахин долдугаар сарын 1 давтагдах вий гэдгээс сэргийлж байгаа юм. Тийм учраас миний гаргаж байгаа шийдвэр ч гэсэн үүнтэй холбоотой гэж хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байдаг. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй. Харамсалтай нь өөрийнхөө энэ ажлыг хийж чадахгүй, өөрийнхөө сонгуулийн ажилд чиглэсэн улс төрийн акцуудыг удаа дараа хийж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ мэдээллийг өөрийнхөө харъяа хэвлэл мэдээллээр цацаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа.

Ард түмний эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч хүн дахин ийм зүйл битгий гаргаасай гэж хүсч байна. Хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй гэж эрх баригч намын даргын хувьд хүсч байгаагаа хэлье.

Төр түвшин түмэн олон амгалан байх бол ҮАБЗ-ийн гишүүдийн хийж буй ажлаас хамаардаг. Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ажлаа хийж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд миний бие  үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна гэж үзэж байна. Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс орон минь хохирох ёсгүй гэж үэзж байна. Маргааш нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайд сонгогдож, тогтвортой байдлыг хангах ёстой. 

Миний бие улс төрөөс явах гэж байгаа юм биш. Монгол төрийнхөө төлөө урьдын адил хүчин зүтгэнэ. Улс төрчдийг айдсаар айлгадаг ерөнхийлөгч байж болохгүй гэж үзэж байгаа. Надтай таван жил хамт ажилласан хэвлэлийнхэндээ баярлалаа. Өөрөөс шалтгаалах бүх боломжит зүйлүүдийг хийж ажилласан.

 

Москвад тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлав
Москвад тогтоосон зарим хязгаарлалтыг цуцлав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.