Таван сар орчим хугацаанд эмчлүүлснийхээ дараа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өчигдөр Герман улсаас эх орондоо иржээ.
Түүнийг Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудлын паспортын шалгалтаар орсны дараа цагдаа нар баривчилсан байна.
Өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн хэргээр Навальныйг баривчилснаа Оросын хуулийн байгууллага мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарах хүртэл түүнийг саатуулахаар болсон байна.
Навальныйг тээвэрлэсэн нисэх онгоц эхлээд Внуково олон улсын нисэх буудалд газардах төлөвлөгөөтэй байжээ. Уг буудалд түүнийг дэмжигчид олноор цуглараад байсан юм. Гэвч эцсийн мөчид Шереметьевод онгоцыг буулгах шийдвэр гарсан байна.
Навальный 2020 оны наймдугаар сард Сибирийн нэг хотоос Москва руу буцах замдаа онгоцонд ухаан алдаж унасан юм.
Германы Берлин хотын Charite эмнэлгийн мэргэжилтнүүд түүнийг хүйтэн дайны үед зэвсгийн зориулалтаар ашигладаг байсан Новичок төрлийн химийн бодисоор хордуулсан гэх дүгнэлтийг гаргаж байв.
Навальный өөрөө уг халдлагын цаана Кремлийн эрх баригчид байгаа гэж мэдэгдэж байжээ.
ОХУ-ын засгийн газар дээрх мэдэгдлүүдийг удаа дараа няцааж, Навальныйг хордуулсан хэргийг шалгахад хамтран ажиллаагүй хэмээн Германы талыг буруутгаж байв.
Эх сурвалж: BBC