Дээд шүүх шинэ хуультай болсон өдрөө Ерөнхийлөгчид гэнэтийн бэлэг барилаа
Ерөнхийлөгчийн хяналтанд байдаг гэж тайлбарладаг шүүх түүний савраас саллаа. Учир нь баасан гарагт \2021.01.15-ны өдөр\ УИХ-аас шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлав. Ингэснээр шүүхийн ерөнхий зөвлөл болон улсын дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж томилдог байдал эцэс болов. Өөрөөр хэлбэл шүүхийн Ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5-г нийт шүүгчдийн хурлаас үлдэж байгаа 5-г УИХ-ын нээлттэй сонсголоор томилохоор хуульчлав. Мөн шүүгчийн сахилгын хороог байгуулахаар болов. Өөрөөр хэлбэл шүүгч буруу шийдвэр гаргасан бол ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцлийг эрх зүйн түвшинд бүрдүүллээ.
Шүүхийн тухай хууль батлагдсан энэ өдөр Улсын дээд шүүхээс “экс эзэн” Х.Баттулгын эрх ашгийг хөндсөн хоёр эсрэг шийдвэрийг гаргалаа.
Нэгдүгээр АН-ын шинэ дүрэм, намын даргыг батламжлахаас татгалзаж тамгыг С.Эрдэнэд үлдээх шийдвэр гаргав. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч маань С.Эрдэнэтэй ойлголцохгүй бол АН-аас дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар С.Эрдэнэтэй хэдийг хүчээ нэгтгэсэн ба АН дахь Нэг ардчилал, Алтангадас, Шонхор, МҮДН-ийнхэн ч энэ эгнээнд эхнээсээ нэгдээд эхэлжээ. С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарт бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд тэдний хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй боллоо.
Хоёрдугаарт шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэргийг прокурорт буцаав. Гэхдээ хэргийг буцаасан ч Ж.Эрдэнэбатыг сулласангүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. Энэ нь хуучин эзнийхээ уурыг дээд цэгт нь тулгахгүй эрх баригчидтай ч арсалдахгүй тэг дундуур нь өөрсдөөсөө холдуулах арга гэж зарим ажиглагчид тайлбарлаж байна. Хэрвээ Ж.Эрдэнэбатыг суллавал УИХ-ын гишүүний тангараг өргөж халдашгүй байдал үүснэ. Энэ нь эзэнд таалагдахгүй учраас нэг хэсэгтээ хугацаа хожсон маягийн бөөрөнхий шийдвэрийг ийнхүү гаргаж байгаа бололтой.
Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байгаа гэж өөрөө ярьдаг ч амьдрал дээр шүүх, прокурор, АТГ-ын даргыг ҮАБЗ-өөс хуулийн ямарваа үндэслэлгүйгээр томилох, чөлөөлөх санал гаргах эрх нээлттэй болсон. Ингэснээр урьд өмнө ямар ч Ерөнхийлөгч эдэлж байгаагүй эрхийг өөртөө авсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Энэ тухай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ Х.Баттулгын үед Монгол Улс, улс төрийн 14 хоригдол”-той болсон гэж мэдэгдсэн байдаг. Цахим сүлжээгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хуулийн байгууллагыг хувийн тооцоо бодох, улс төрийн зорилгоор хөдөлгөж байна гэх шүүмжлэл тасралтгүй өрнөсөн. Ялангуяа шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг бүрэн эрх хэрэгжиж байхад баривчилсан нь урьд өмнө ардчиллын түүхэнд гарч байгаа тохиолдол болсон. Энэ нь эцэстээ олон улсын парламентийн холбоонд хэрэг үүсгэн шалгагдах хэмжээнд хүрч Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд хор хохирол учруулав. Шүүх хуулийн байгууллагынхан дунд “Одоо арай л дэндэж байна” “Өмнөх Ерөнхийлөгчид нөлөөлөх нь нөлөөлдөг байсан ч арай л ийм байгаагүй” гэх яриа гарах болсон байдаг. Тэгвэл шүүхийн хуулиа батлуулсан эхний өдрөө тэд ийнхүү Ерөнхийлөгчдөө “салаавч” үзүүллээ.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн нүүдэл юу байх вэ? Гэдэг нь сонирхол татаж байна. Энэ үйл явдалтай холбоотойгоор “Х.Баттулга нэр дэвших эсэх нь эргэлзээтэй боллоо” “өдрөөс өдөрт хүч хяналтаа алдаж байна” гэх яриа саарал ордны тамхины цэгээс цуурайтах болжээ.