Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын охин Х.Ивээл харахгүйгээр шоо эвлүүлж суржээ. Өдгөө зургаан настай тэрбээр үүнийг ердөө 17 хоногийн дотор л сурсан гэнэ.
Тэрбээр 2019 онд ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт аавтайгаа оролцож, оюуны чадвараараа үзэгчдийг гайхшруулсан юм. Х.Ивээл охин ийнхүү шоо эвлүүлж сурснаар харахгүйгээр шоо эвлүүлж буй дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо.
Энэ талаар түүний аав Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр "Бахархал, 17 хоногийн дотор Ивээл харахгүйгээр шоогоо эвлүүлж сурлаа. Одоо хэд хоног давтахад төсөөллөө чөлөөтэй санаж эвлүүлдэг болно. Харахгүйгээр эвлүүлэхдээ 120-190 үйлдэл хийж байгаа юм. Шоог харахгүйгээр эвлүүлж буй Дэлхийн хамгийн бага насны хүүхэд боллоо доо. Одоо үүнийг Гиннест албан ёсоор баталгаажуулах л үлдлээ" хэмээн нийтэлжээ.