Л.Сүрэнжав \1947-2021\
Бид бүхний эрхэм дотны хүн, хайрт хань, хүндэт аав, өвөө Лувсандашийн Сүрэнжав 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Л.Сүрэнжав нь 1947 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Лувсандашийн 6 дах хүү болон мэндэлжээ.
Тэрээр 1963 онд Дорнод аймгийн төвийн 10 жилийн сургууль, 1967 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг хүний бага эмч, эх баригч мэргэжлээр суралцан төгсөөд, 1971-1976 онд Зөвлөлт Холбоот улсын Москва хот дах Дотоод явдлын яамны академийг хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж онц дүнтэй төгссөн манай тэргүүний сэхээтнүүдийн нэг байлаа.
Дэд хурандаа Л.Сүрэнжав 1967-1969 онд Нийгмийг Аюулаас хамгаалах яамны харьяа Зүүн хараа дах засан хүмүүжүүлэх хорих байгууллагын хүний бага эмч, 1969-1971 онд Дорнод аймгийн цагдан сэргийлэх ангид эрүүлжүүлэн баривчлах байрны дарга, 1976-1980 онд Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, 1981 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургуульд хуулийн тэнхмийн дарга, 1982 онд Улаанбаатар хотын Найрамдалын районы цагдаагийн хэлтсийн орлогч дарга, 1983-1986 онд Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, 1985-1986 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын штабын ахлах байцаагч, мөн Дорнод аймгийн ардын депатутын хурлын хүндэт депатут, 1992-2006 онд “Монголын алт корпораци” ХХК болон “Бамбай” хамгаалалтын газрын менежер, төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан арвин туршлагатай мэргэжилтэн байсан юм.
Талийгаачийн ард олны эрүүл энх, амгалан тайван байдлын төлөө хичээн ажилласан хөдөлмөр зүтгэлийг төр засаг, олон нийтээс өндрөөр үнэлж Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хүндэт тэмдэг, УАХ-ын 60, 70 жил, Цагдаагийн байгууллагын 50,60,70 жил, Ардын Хувьсгалын 50,60,70 жил, Аугаа эх орны ялалтын 70 жилийн, Их Монгол улсын 800 жилийн ойн хүндэт медаль, Онц сэргийлэгч, Байлдааны медаль, Намын ахмад зүтгэлтэн, Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнажээ.
Л.Сүрэнжав нь иргэдийн амгалан тайван байдлын төлөө цаг наргүй ажиллахдаа хань ижил, үр, ач, зээ нарынхаа боловсрол мэдлэг, ажил үйлст нь сэтгэл зүрхээ зориулж ирсэн халамжтай хань, аав, өвөө байлаа. Үнэнхүү шударга зан төлөв, хатуу зарчимч байдлаараа хамт олон, найз нөхөддөө үнэлэгдсэн удирдагч, Монголын цагдаагийн байгууллагын тэргүүний офицер байж, залуу үеэ халамжлан хүмүүжүүлсэн таны гэгээн дүр төрх, хайр энэрэл бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Ум сайн амгалан болтугай
ТАЛИЙГААЧИЙН ХАНЬ, ХҮҮХДҮҮД, АЧ, ЗЭЭ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД