Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын дарга Ц.Ганхүү “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г Барилга, хот байгуулалтын сайдаар хянуулан баасан гарагт баталлаа.
Мөн Ц.Ганхүү дарга нэгжийн менежерүүдтэй 2021 оны нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж гарын үсэг зурсан байна. Уг төлөвлөгөөг 9 үндсэн чиглэл буюу Геодези, зураг зүй, Суурь судалгаа, мониторинг, Газар зохион байгуулалт, Кадастр, Орон зайн мэдээллийн технологи, Архив, хот байгуулалт, Хот байгуулалтын кадастр, Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр боловсруулсан.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай журам, заавар, норм, дүрэм, стандартыг боловсруулах, Монгол улсын геодезийн сүлжээний эхлэл цэг байгуулах, хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.
Мөн төрийн архивын улсын үзлэгт хамрагдах, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлуулах, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах ажилд захиалагчийн хяналтыг хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг цахимжуулах юм. Түүнчлэн улсын хэмжээнд кадастрын мэдээллийн санг бүрдүүлэх, хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг хөгжүүлэх, байгууллагын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.