
Прокурорын байгууллага энэ сарын 27-ны өдрийн байдлаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах гэмт хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан 206 хүнд холбогдох 139 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, Г.У нь Бүгд Найрамдах Турк Улсаас төрсөн эхийн нэр дээр “Д...Карго” ачаа, тээврийн газраар дамжуулан 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин болон делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “шавар”, “мөс” гэх нэршилтэй, нийт 136.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад (хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Г.У-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн түүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Киргиз Улсаас шилжүүлэн авчрахтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас гаргасан зардал 20,7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!