
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2026 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх 10 хоногийн урьдчилсан мэдээгээр, энэ сарын 27-ноос ихэнх нутгаар бороо орж, агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Тодруулбал, энэ сарын 27-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд, говийн аймгуудын баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Харин 28-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгийг хамарсан бороо орох төлөвтэй байна.
Мөн 29-30-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим болон ихэнх нутгаар, 31-нд төвийн бүсийн нутгаар, наймдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орохыг анхааруулжээ.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температурын хувьд долоодугаар сарын 27-ноос баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, цаашлаад ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25, өдөртөө +31...+36 градус, Говийн хойд хэсгээр шөнөдөө +16...+21, өдөртөө +27...+32 градус, Бусад нутгаар шөнөдөө +12...+17, өдөртөө +23...+28 градус дулаан байх төлөвтэй байна.Иймд иргэд, малчид, аялагчид болон замын хөдөлгөөнд оролцогчдыг аадар бороо, түр зуурын хүчтэй салхи, үер усны эрсдэлээс сэрэмжтэй байхыг цаг уурчид зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!