VISUAL TOIM: Хоёр дахь хавраа өндөрлүүлж буй 126-г таслалтаараа Д.Амарбаясгалан, гадаад томилолтоороо Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн бол С.Бямбацогт нарын 6 гишүүн 100 хувийн ирцтэй оролцжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 45 секунд

126 гишүүнтэй парламент хоёр дахь хаврын чуулганаа өнөөдөр /2026.07.03/ өндөрлүүлж байна. Улс төрийн хувьд төдийгүй олон нийтийн шалгалтад орсон олон "гал"-тай хуулийн төслийг хэлэлцэж, мэтгэлцсэн гэдгээрээ энэ хаврын чуулган онцлог байв. Тэгвэл "уламжлал" ёсоор энэ хаврын чуулганаар гишүүд хэр "тогтож суусан" талаарх үзүүлэлтийг нэгтгэн хүргэж байна.

Эргэн сануулахад, намар болон хаврын чуулган эхлэлд УИХ-ын даргын зүгээс гишүүдийн ирцэд анхаарч, ажлаа цалгардуулахгүй байх чиглэлд нь хяналт тавьж мэдээллийг ил тод болгоно хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл эл ажил нь хөрсөн дээр буусан эсэхэд ч уншигч та дүгнэлтээ хийгээрэй.

-ӨӨРЧЛӨЛТ: Та төлөөллөө "ХААНА ЯВАА"-г хянах боломжтой боллоо-

Парламентад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцооноос гадна ил тод байдал тун чухал. Тэгвэл үүний эхлэл болгож, иргэд төрд төлөөлж буй гишүүнийхээ ирц, идэвх, оролцоог нэг дороос хянах боломжтой болжээ.

Тодруулбал, УИХ-ын албан ёсны сайт болох Parliament.mn сайтаар нэвтэрч, гишүүн тухайн өдрийн хуралдаандаа ирсэн үү, тасалсан уу эсхүл чөлөө авсан уу гэдгийг шууд харах боломжтой болжээ. Дээрх дүрслэлд харагдаж буйгаар, өмнө нь чуулганы хуралдааны ирцийг гар аргаар word дээр бүртгэдэг байсан бол одоо хүний оролцоогүйгээр бодит цагийн горим дээрээс харж болохоор болжээ. Ингэхдээ зөвхөн тухайн өдрийн гэлтгүй чуулганы хуралдааны аль ч өдрийн ирцийн мэдээллийг сонгон харах боломжтой юм. Эл шинэчлэл нь УИХ-ын үйл ажиллагаа тэр дундаа гишүүдийн хариуцлагыг чангатгахад чухал дэвшил болсон гэж харж болох юм.

Тэгвэл сайт дээрх байршсан эл өгөгдлийг ашиглан, гишүүдийн хаврын чуулганы ирцийг дараах байдлаар нэгтгэн гаргалаа.

-Хаврын чуулганы "Дараагийн хуралд яг очно" клубийн ТОП 10-

Хаврын чуулганы хугацаанд "хичээл"-ээ хамгийн их тасалсан "сурагчид" буюу парламентын "Дараагийн хуралд яг очно" клубт дараах гишүүд багтжээ. Тодруулбал, чуулганы хугацаанд хуулийн хүрээний асуудал нь хальж, яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 14 удаагийн таслалтаараа эл жагсаалтыг тэргүүллээ. Түүний хувьд 14 удаа тасалж, 11 удаа хоцорч, 2 удаа чөлөө авчээ. Түүний дараагаар 7 удаагийн таслалтаар Ц.Туваан, 6 удаагийн таслалтаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ жагсав. Харин өнгөрөгч намрын чуулганы таслалтаараа тэргүүлж, "Ээждээ загнуулж байсан" Х.Баттулга гишүүн энэ хаврын чуулганы хугацаанд гурван удаа тасалжээ.

Эдгээрийн араас УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Т.Аубакир, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Д.Пүрэвдаваа нар 3-4 удаагийн таслалттайгаар "удаалж" байгаа юм.

-ИРЦИЙН АВАРГУУД-ыг С.Бямбацогт нарын 6 гишүүн тэргүүлэв-

Сайны хажуугаар саар гэж. УИХ-ын хаврын чуулганы хугацаан дахь "ангийн идэвхтнүүд" буюу хамгийн өдөр ирцтэй ирцийн аваргуудыг нэрлэе. Тэдний хувьд хаврын чуулганы хугацаанд 97-100 хувийн ирцтэйгээр оролцжээ. Үүнд, УИХ-ын гишүүн Р.Батболд тэргүүлсэн бол удаагаар нь УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Н.Алтаншагай, П.Наранбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү, Ж.Галбадрах нар багтжээ.

-Хаврын чуулганы "Очиж явна" клубийнхэн-

Хаврын чуулганд хамгийн их хоцорсон буюу парламентын "Очиж явна" клубын топ арван гишүүнийг нэрлэв. Тэднийг 26-27 удаагийн хоцролттойгоор С.Амарсайхан, Д.Ганбат нарын гишүүд тэргүүлэв. Харин өнгөрөгч намрын чуулганы төгсгөлд чимээ аниргүйхэн байсаар дуусгасан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хаврын чуулганд идэвхтэй сууж харагдсан ч 25 удаа хоцорчээ. Удаагаар нь 21-24 удаагийн хоцролттой гэх дүнгээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Жавхлан, Д.Жаргалсайхан, Л.Гантөмөр, Т.Доржханд, Б.Жаргалан, Ч.Ундрам нар жагслаа.

-"Гадаадад явна аа"-

Хаврын чуулганы хугацаанд хамгийн их гадаад томилолтод явж, чөлөө авсан гишүүдийн топ арван гишүүнийг нэрлэж байна. Тэдний хувьд, нийт 34 удаагийн хуралдаанаас 5-7 удаагийн томилолтоор гадаадад ажиллажээ. Ингэхдээ эл жагсаалтыг тэргүүлж буй "экс" Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Н.Номтойбаяр нар тус бүр 7 удаа гадаад томилолттой байжээ. Удаагаар нь УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Жангабыл, Г.Дамдинням, Т.Доржханд, Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-очир, А.Ундраа нар жагссан байна.

-"ЧӨЛӨӨНИЙ АВАРГУУД"-ыг Ж.Баясгалан, Н.Учрал нар тэргүүлж, таслалтаа "чөлөө"-гөөр сольсон Х.Баттулга удаалжээ-

Үргэлжлүүлэн хаврын чуулганы ЧӨЛӨӨ-ний "аваргууд"-ыг танилцуулъя. Жич: Эмнэлгийн чөлөө үүнд багтаагүй болно. Тус жагсаалтыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нийт 19 удаагийн чөлөө авалтаар тэргүүлжээ. Удаагаар нь Ерөнхий сайд Н.Учрал жагссан байх аж. Харин өнгөрсөн чуулганыг таслалтаараа тэргүүлж, нэлээдгүй шүүмжлэл хүртсэн Х.Баттулга гишүүн энэ чуулганаар чөлөө авах нь нэмэгджээ. Тэрбээр 9 удаагийн чөлөө авалтаар жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байх аж. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Х.Баттулгатай адил 9 удаа чөлөө авчээ.

-Гишүүд хаврын чуулганы хоёр дахь өдөр хамгийн бага ирцтэй оролцжээ-

Хаврын чуулган өнгөрөгч гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн. Үүнээс хойш хуульд заасан 75 өдрөө гүйцэлдүүлж, өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хугацаанд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралджээ. Зарим долоо хоногт цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит бус чуулганы хуралдааныг ч хийсэн. Тэгвэл чуулганы ирцийн дээрх төлөвөөс харахад, гишүүд чуулганы эхэн үед идэвхтэй суужээ. Харин дөрөвдүгээр сарын дунд, тавдугаар сарын эхлэл, зургаадугаар сарын дунд үеэр идэвх суларсан харагдаж байна. Энэ мэтчилэн гишүүдийн идэвх хэр байгааг сайтын шинэчлэлээс харж болохоор болжээ.

Та тус ирцийн мэдээлийн дэлгэрэнгүйг https://att.parliament.mn/ хэсгээр нэвтэрч шууд харах боломжтой ба И Монголиагийн "Нээлттэй парламент" цэсээс ч харах боломжтой юм

-ӨӨРЧЛӨЛТ: Төлөөлөл тань ТАНЫ ТӨЛӨӨ саналаа өгч байна уу гэдгийг хянах боломжтой-

Parliament.mn сайт дээрх дараагийн шинэчлэл нь гишүүдийн санал хураалтын ил тод байдалтай холбоотой хэсэг юм. Тодруулбал, ач холбогдол бүхий хуулийн төслүүд дээр гишүүд аль кнопоо дарж байна вэ гэдгийг та харах боломжтой. Өмнө эл санал хураалтын процессыг дэлгэцээр харуулаад л өнгөрдөг байсан бол одоо сайтаар төдийгүй сошиал хуудсууд дээрх шууд дамжуулалтаар ил тод харах боломжтой болов.

Дашрамд дурдахад, эл шинэчлэлтэй холбоотойгоор И-Монголиад "НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ" цэс шинээр нээгджээ. Тус цэсээр иргэд хэрэгжихгүй байгаа хуулиудын талаар санал илгээж болохоос гадна УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг бүрэн хянах боломжтой болж буй юм.

-ӨӨРЧЛӨЛТ: Хуралдааны тов, дарааллын харангаа хуулийн төсөлтэй шууд танилцах боломжтой-

УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдлын нэг хэсэг бол тухайн долоо хоногт хэлэлцэх хуулийн төсөл, тэдгээрийг "шүүлтэд оруулах" ажлын хэсэг байнгын хороодын хуралдааны мэдээлэл юм. Эл мэдээллийг өмнө нь албан ёсны сайтаар нэвтэрч харахад ойлгомжгүй байдал байсан бол одоогийн шинэчлэлээр хуралдааны дараалал, товыг харахад илүү хялбар болжээ. Мөн түүнчлэн тухайн хэлэлцэх хуулийн төслийг Dparliament сайт руу шууд дамжиж орж хардаг байхаар хийжээ.

Энэ сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон унахыг хориглосон тул хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болголоо
Энэ сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүүтер, суррон унахыг хориглосон тул хэрэгжилтийг хангуулахыг үүрэг болголоо
 
Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!