Нэгдүгээр сарын 11-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг нэг шатаар бууруулсан боловч үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудад үсчний үйлчилгээний салбар дахиад багтаагүй байна. Энэ асуудалд иргэд бухимдалтай байгаа ч үсчин гоо сайхны салбарыг нээж болохгүй шалтгааныг төдийлэн мэдэхгүй байгаа юм.
Коронавирусийн хоёр, гурав дахь давлагаа эхэлсэн Итали, Бельги, Их Британи, Герман, Дани зэрэг улсуудад үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээг түр хугацаанд хоригложээ. Үсчин, гоо сайхны салбараар үйлчлүүлсэн хүн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан байна.
Үүнд:
- Үсчин үйлчлүүлэгчийн үсийг засахыг тулд маш ойрын зайнаас харьцах шаардлага гарна. Энэ нь хүн хоорондын 1.5-2 метрийн зай барих дэглэмийг зөрчиж байна.
- Үсээ будуулах зэрэг үйлчилгээ авахад 1-2 цаг шаарддаг учир халдвар тархах эрсдэлтэй.
- Үсчин бээлий өмсөхгүйгээр үйлчлүүлэгчийнхээ үсийг угаах нь вирусийн халдвар авах эрсдэл дагуулна.
- Үйлчлүүлэгчийн үсийг сэнсдэж байхад халдвар авах эрсдэлтэй.
- Шинж тэмдэггүй халдвар тээгчид олширсон. Ялангуяа залуучуудын дунд коронавирусээр шинж тэмдэггүйгээр өвчлөх тохиолдол их байгаа нь эрсдэл дагуулна гэв.
Харин манай орны хувьд үсчин, гоо сайхны газруудыг хаах болсон бас нэг шалтгаан нь агааржуулалтын систем муу, мөн бага зайд буюу мкв бага талбайд олон үсчин нэг доор ажилладаг.