“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох албан ёсны тэмцээнүүд “Улаанбаатар Их дуулга” тэмцээнээр эхэлж байна. Эл тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон сугалааны үйл ажиллагаа өнөөдөр “Новотел” зочид буудалд болов.
Энэхүү арга хэмжээнд ОУЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Армен Багдасаров, ОУЖБХ-ны Боловсрол, дасгалжуулалт хариуцсан захирал Мохамед Мериджа, ОУЖБХ-ны Боловсрол хариуцсан захирал Флорин Даниэл Ласкау, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Э.Билэгт, МЖБХ-ны ЕНБД Б.Батгэрэл нарын хүндэт зочид оролцлоо. Уг арга хэмжээг IJF-ийн тайлбарлагч Шелдон Франко-Рукс хөтлөн явуулсан юм.
Зургаадугаар сарын 19-21-ний өдрүүдээр Улаанбаатар хот AIC Степпе Аренад болох тэмцээнд таван тивийн төлөөлөл 58 улсын 454 тамирчин, 14 жинд хүч сорино. Эдгээр бөхчүүдийн дотор 5 олимпын аварга, 24 дэлхийн аварга тамирчин багтаад байгаа юм. Мөн олимп, дэлхийн медальтай 62 тамирчин оролцохоор нэрсээ бүртгүүлжээ.
Монголын жүдо бөхийн холбоо анхлан 2012-2016 онд Нийслэл хотноо ГранПри ангиллын тэмцээнийг амжилттайгаар хүлээн авч байв.
Харин 2022 оноос хойш бид жүдо бөхийн “бага дэлхийн аварга” гэгддэг Их дуулга ангиллын тэмцээний эрхийг авч, 2024 оноос бусад жилүүдэд тогтмол зохион байгуулсаар өдийг хүрээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!