ЧУУЛГАН: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө“-г БАТАЛЛАА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 27 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.06.02) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа.

Төлөвлөгөөний төслийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10.1, 6.10.2 дахь заалтад заасан шаардлагад нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан.

“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”

Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, Эдийн засгийн чөлөөлөлт, Эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, Ногоон хөгжлийн чөлөөлөлт, Авлигын эсрэг чөлөөлөлт зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх болно.

1. ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ = АЖЛЫН БАЙР + ОРЛОГО + БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨ

Монгол Улс 2027 он хүртэл эдийн засгаа тэлэх томоохон төслүүдийг хөдөлгөж, хувийн хэвшлийг бодитоор дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, өрхийн бодит орлого 6 хувиас дээш нэмэгдэх боломж бүрдэнэ.

Томоохон төслүүдийг хөдөлгөж эдийн засгийг тэлж ажлын байрыг 20 гаруй мянгаар нэмэгдүүлнэ. Үүнд:

  • Тавантолгойн цахилгаан станц;
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;
  • Газрын тос боловсруулах үйлдвэр;
  • Уран олборлох, боловсруулах Зөөвч-Овоо төслийн бүтээн байгуулалт;
  • Ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл хангах;
  • Алт цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын бэлтгэл;
  • “Гэрэлт говь" үйлдвэрлэл, технологийн паркийн кокс, эрчим хүчний үйлдвэр;
  • Шинэ Ховд, Алтанширээт, үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх;
  • Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн хагас кокс эрчим хүчний үйлдвэрийн бүтээн байгуулалт;
  • Мөн Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал, Шивээхүрэн–Сэхээ чиглэлийн төмөр зам болон экспорт, аялал жуулчлалын авто замуудыг барина.

Эдгээр төслийн үр дүнд 20 мянган орчим шинэ ажлын байр бий болж 2700 орчим ажлын байр хадгалагдаж, экспорт нэмэгдэн, валютын урсгал сайжирч, төгрөгийн ханшийн дарамт буурах нөхцөл бүрдэнэ. Мөн эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнээр зээлийн хүү үе шаттай буурах боломж бүрдэх юм.

Татварын шинэчлэлийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Урьдчилж татвар авдаг дарамтыг бууруулж, борлуулалт, орлоготой уялдсан татварын тогтолцоог бий болгоно. НӨАТ-ын буцаалтыг зөвхөн нэмэхээс илүүтэйгээр илүү хялбар, шударга тогтолцоонд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын шинэчлэлийн хүрээнд сар бүр 79,200 төгрөгийг иргэнд үлдээх боломж бүрдүүлж, орон сууц худалдан авах иргэдэд жилд 15 сая төгрөг хүртэлх татварын буцаалт олгоно.

Мөн ахмад настан, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал иргэд, зорилтот бүлгийг орхигдуулахгүйгээр дэмжинэ. “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг ажлын байртай уялдуулж, зорилтот халамжийг амьдралын чанартай холбон шинэчилнэ. Зорилтот 5000 өрхийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээнд хамруулна.

Өнөөдөр бага, дунд орлоготой өрхийн орлогын ихэнх хувь нь хүнсний хэрэглээнд зарцуулагдаж байгаа учраас иргэдийн бодит орлогыг хамгаалах бодлогыг татвар, ажлын байр, инфляцын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ.

2. ЭРХ ЗҮЙН ЧӨЛӨӨЛӨЛТ = ХҮНД СУРТАЛ БАГАСНА

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, зөвшөөрөл, шат дамжлагыг цөөлөх эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, давхардсан зөвшөөрлүүдийг цөөлөн, хүнд суртлыг бууруулж, шийдвэр гаргалтыг илүү хурдан, оновчтой болгоно. Энэ хүрээнд дараах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ:

  • Ухаалаг Засаг II төсөл;
  • Кибер халдлага, зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэн төрийн үйлчилгээний цахимжилтыг эрчимжүүлэх;
  • Төрийн албан хаагчийн чадамжийн оношилгоог тогтмолжуулан Төрийн албаны хуулийн дагуу хийгдэж буй томилгооны хэрэгжилтэд хяналт тавихад хиймэл оюуныг ашиглаж, төрийн албаны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой, цомхон болгож, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлнэ;
  • Шийдвэр гаргалтыг оновчлон хүнд суртлыг бууруулж, суралцагчийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлнө;

Боловсролын салбарт “Цөөн хүүхэдтэй анги” бодлогыг хэрэгжүүлж, багийн болон хотхоны бага сургуулиудыг байгуулна. Мөн “Нэг багш – нэг AI туслах” системийг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэрийн төслийг эхлүүлнэ.

Эрүүл мэндийн салбарт Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Хавдар судлалын үндэсний төв-2 зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж, 17 аймагт эрүүл мэндийн үйлчилгээний шинэ төслүүдийг эхлүүлнэ.

Эдгээр шинэчлэлийн үр дүнд иргэд эмчилгээний төлөө гадаад улс руу явах дарамт буурч, орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, хүний хөгжлийн индекс өсөх нөхцөл бүрдэнэ.

3. НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ = ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БУС БАЙДАЛ + ШИНЭ ОРЛОГО

Монгол Улс нар, салхи, байгалийн арвин нөөцтэй атлаа эрчим хүч, шатахууны хараат байдалд байдаг. Жил бүр 200 сая ам.доллароор цахилгаан, 2.2 тэрбум ам.доллароор шатахуун импортолж байна.

Монгол Улс эрчим хүч импортлогч биш, үйлдвэрлэгч орон болох зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд айл өрхийн нарны хавтанг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрүүдийг хөгжүүлэн, нүүрстөрөгчийн кредитийн зах зээлд оролцох нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн ногоон дата төв байгуулах ажлыг эхлүүлнэ.

Байгаль орчны чиглэлээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг үргэлжлүүлж, усны томоохон төслүүдийн бэлтгэлийг ханган, цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ бүхний үр дүнд эрчим хүчний импортын хамаарал буурч, орон нутагт шинэ орлого бий болж, ногоон ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ.

4. АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ = ШУДАРГА ЁС + ЦАХИМ ЗАСАГЛАЛ

2025 онд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 124 дүгээр байрт орж, 10 байраар ухарсан нь бидэнд бодит дохио өгч байна. Иргэдийн алдсан боломж, бүтээн байгуулалтын хоцрогдол, шударга бус байдал бүгд авлигатай холбоотой.

Авлигатай тэмцэх ажлыг зөвхөн уриа, мэдэгдлийн түвшинд бус, системийн шинэчлэлээр хэрэгжүүлнэ. Төрийн худалдан авалтад хиймэл оюун ухаан ашиглаж, төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилган, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлнэ. Мөн төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна.

Шүгэл үлээгчийн хамгаалалтыг сайжруулж, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэн, кибер аюулгүй байдлыг бэхжүүлж, үндэсний хиймэл оюуны дэд бүтцийг байгуулна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд авлига, хүнд суртал буурч, төрийн үйлчилгээ ил тод болж, иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ.

ДҮГНЭЛТ

“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” нь зөвхөн төсөл, арга хэмжээний жагсаалт биш, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, хүнд суртлыг багасгах, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, авлигыг системээр бууруулах, дундаж давхаргыг тэлэх зорилготой хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого юм.

Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарай
Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарай
 
Д.Батлут: Зэвсэгт хүчинд “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье“ цогц реформыг албан ёсоор эхлүүллээ
Д.Батлут: Зэвсэгт хүчинд “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье“ цогц реформыг албан ёсоор эхлүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!