
Алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр алт олборлогчидтой хийх уулзалт болж байна. Энэхүү уулзалтад Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Хариуцлагатай уул уурхайг онцгой анхаарч үзэх ёстой” хэмээлээ.
Энэ талаар “Алтны салбарынхан та бүхэнтэй нуулгүй ярихад Алт-1 хөтөлбөрийн хор хөнөөл, ашиг тус энэ тэнцүү байсан. Нийгэм өөрчлөгдөж инфляц -328 хувь хүрсэн тэр цаг үед бид алтаа урагшлуулахаас өөр гарцгүй байсан. Тухайн үеийн төр, засгийн бодлогыг шүүмжлэх боломжгүй. Ингээд бид инфляц -328 хувиас дээш эдийн засгаа өсгөх хэмжээнд хүрч чадсан ч сөрөг үр дагавар нь 1000 гаруй гол мөрөн, 800 орчим нуур цөөрөм ширгэж гажуудал үүссэн. Үүгээр нийт ард түмэн айдастай болсон. Харин "Алт-1" хөтөлбөрийн эерэг тал нь яригддаггүй. Одоо бид алт-3 аяныг хэрэгжүүлэх тухай ярьж байна. Энэ аяныг хэрэгжүүлэхэд хариуцлагатай уул уурхай чухал. Салбарынхаа нэр төрийг бодож, дараагийн төслүүдийг урагшлуулах тухай бодох хэрэгтэй шүү. Хариуцлагатай уул уурхайг бид онцгой анхаарч үзэх ёстой. Энэ бол байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засаг үр өгөөжтэй байхыг хэлнэ” гэсэн юм.
Сайд Г.Дамдинням алт олборлогчидтой хийж буй уулзалтын үеэр алт олборлолтыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхдээ хариуцлагын асуудлыг мөн хөндлөө. Тэрбээр "Алт олборлолтыг дэмжихийн тулд урт нэртэй хууль буюу хуулийн хил заагт тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулах ёстой" гэсэн юм. Гэхдээ уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны нарийвчилсан ажлыг төрөөс яаралтай зохицуулалт хийж шийдвэрлэх ч аж ахуйн нэгжүүд дутуу материал өгөх ёсгүй гэдгийг хэлсэн үгэндээ дурдлаа.
Энэ талаар яриандаа дурдахдаа орон даяар 90 компанийн 102 талбайгаар орон даяар үзлэг хийнэ гэдгийг дуулгаад алт олборлолтыг дэмжих бөгөөд салбарын нэр хүнд унагасан аж ахуйн нэгжид хариуцлага тооцохыг сануулав. Тэрбээр "Долоон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална" гэв. Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Төр нь алт олборлолтыг нэмэгдүүлэхээр аж ахуйн нэгжүүдээ дэмжээд хичээж байхад хууль бус үйл ажиллагаа явуулж онцгүй зан гаргавал хариуцлагын асуудал яригдах болно. Бид Засгийн газрын түвшинд шийдэх боломжтой бүгдийг нь шийдвэрлэнэ. Та бүхнээс ирүүлсэн санал дүгнэлтийг нэгтгээд Засгийн газраар хэлэлцүүлж шийдвэр гарсны дараа та бүхний үйл ажиллагаа эхэлнэ" гэлээ.
Мөн уулзалтын үеэр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барьж УИХ-ын Хаврын чуулганд батлуулах зорилготой байгаагаа дуулгалаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан танилцуулснаар,
АМНАТ-ийн орон нутагт хуваарилах төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ талаар сайд Г.Дамдинням хэлэхдээ “Одоогийн хуулийн зохицуулалтаар уул уурхайтай аймаг, орон нутаг нь ухуулаад хохирдог, харин ухуулдаггүй нь хождог гажуудал үүсэн. Зарим аймаг уул уурхайгүй гэж гайхуулдаг зам руу орчхоод байна. Гэтэл манай улсын төсвийн 38 хувийг манай салбар бүрдүүлж байна. Олон улсын дунджаар, аль нэг салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 8-аас дээш хувийг оруулж байвал тухайн салбар тэр улс орны үндсэн эдийн засгийн суурь салбарт тооцогддог. Манайх 38 хувь байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт. Бид дэлхийн 90 гаруй улстай ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт татахаар өрсөлддөг ч орон нутаг иргэдэд өгөөж нь мэдрэгддэггүй учир эсэргүүцэлтэй тулгардаг. Ингээд төр нь хаядаг байдлыг засна” гэлээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-өөс орох орон нутагт хуваарилах орлогыг нийт орлогын 20 хувь болгон нэмэгдүүлж нөлөөлөлд өртөж буй аймагт хуваарилах мөнгөн дүнг нэмэгдүүлж байгаа юм.