Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
“Өчигдөр улсын хэмжээнд 14,225 хүний сорьцод шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь Цэргийн төв эмнэлгийн ажилтан бол бусад нь сүүлийн үед бүртгэгдээд буй голомтот халдварын хавьтлуудтай холбоотойгоор гарсан байна.
Тодруулбал, Мөнххада, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлийн хавьтлуудаас халдвар гарсан. Түүнчлэн "Ачтан" эмнэлгийн ажилтнууд, гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрлээ. БГД-ийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн өвчилсөн. Тус хорооны 65,43-а, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,395 боллоо. Үүнээс хүн 896 эдгэрээд байгаа бол 488 хүн эмчилгээнд байна” хэмээлээ.