
Монгол Улсын Сангийн яамнаас Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг дүгнэх уулзалтыг өнөөдөр /2026.05.05/ зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээн Сангийн сайд З.Мэндсайхан үг хэлэв. Тэрбээр, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж, институтийн чадавхыг бэхжүүлэхэд 35 жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлж, манай улсын гадаад зээл, тусламжийн санхүүжилтийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгааг нь онцоллоо.
Мөн энэ хүрээнд нийт 1.9 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 60 гаруй гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламжийн болон олон салбаруудад техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлж байгааг тодотгосон юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төслийн хэрэгжилтийн үр өгөөжийг сайжруулахад онцгой анхаарч бодлогын шинэчлэл хэрэгжүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг эхлүүлж, улсын төсвийн болон гадаад эх үүсвэртэй хөрөнгө оруулалтыг нэг цонхоор төлөвлөн уялдуулах, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн үндэс бүрдүүлэхийг зорьж байна. Мөн гадаад зээлээр хэрэгжих зарим томоохон төслүүдийн зээлийн ашиглалтыг тусгайлсан механизмаар хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлснийг онцлов.
Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд тусдаа ажиллаж байсан төсөл хэрэгжүүлэх нэгжүүдийг нэгтгэн, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх тогтолцоонд энэ оноос шилжүүлж байгаагаа мөн дурдлаа. Эдгээр ажилтай уялдуулан цахим шинэчлэлийг хэрэгжүүлж үүний үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл тусламжийн төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн системээр төлөвлөх, хянах, удирдах, тайлагнах нөхцөл бүрдэж, үр ашиг, сахилга бат, хяналтын тогтолцоо сайжрахаас гадна ил тод, нээлттэй байдалд шат ахих боломж бүрдэж байна.
Цаашид гадаад зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн хугацаанд ашиглалтад оруулах, дуусгах, ингэснээр нийгэм, эдийн засагт тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болно гэдгийг салбарын сайд онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!