СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д нь 40 орчим насны эрэгтэй хөнөөсөн хэрэгт холбогдож, улмаар цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, Засаг дарга Л.Д нь амь хохирогчийг "24 сая төгрөг авсан ч ажил гүйцэтгэх гэрээ олж өгөөгүй, мөнгөө өгөөгүй" гэх шалтгаанаар зодож, амийг нь хөнөөсөн гэдэг.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч өчигдөр /04.29/ хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч, түүний өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, Л.Д-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж зааснаар мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан”, 1.3-т “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн”.., гэж тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл хэргийн материалд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, мөн хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт авагджээ.
Иймд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!