Б.Алтанцэцэг: Мөнгөний хатуу бодлого бодит эдийн засаг дээр эерэг үр нөлөөг үзүүлж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 33 секунд

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарах асуудлын талаар NRCС судалгааны байгууллагын захирал Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө танай байгууллагаас гаргадаг хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааны үр дүн өнгөрсөн сарын байдлаар нэлээн өдөр гарсан нь анхаарал татлаа. Энэ үр дүн юутай холбоотой вэ?

-Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг манай байгууллага 2014 оноос хойш улиралд тутам зохион байгуулж байна. Хамгийн сүүлийн байдлаар 2026 оны эхний улирлын мэдээг боловсрууллаа. Энэ удаагийн судалгааны үр дүнгээр ерөнхий индекс 107.2 гэж үнэлэгдсэн бөгөөд өмнөх улирлаас 15.3 пунктээр өндөр, жилийн өмнөхөөс 2.8 пунктээр өссөн эерэг дүн юм. Ерөнхий индекс нь дотроо өнөөгийн байдлын индекс болон ирээдүйн хүлээлтийн индекс гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Өнөөгийн байдлын индекс нь одоогийн байдлаар ажлын олдоц, бизнесийн нөхцөл байдлыг, харин ирээдүйн хүлээлтийн индекс нь ирэх зургаан сарын хугацаанд орлого, ажлын олдоц, бизнесийн нөхцөлийн өөрчлөлтийн хүлээлтийг тусгадаг.

2026 оны нэгдүгээр улирлын байдлаар өнөөгийн байдлын индекс нь өмнөх улирлаас 10.9 пунктээр буурсан бол ирээдүйн хүлээлтийн индекс 23.8 пунктээр өссөн дүнтэй байна. Тэгэхээр энэ удаагийн ерөнхий индексийн хөдөлгөөнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь иргэдийн ойрын ирээдүйн эдийн засагт итгэх итгэл сайжирсантай холбоотой байна.

-Эдийн засгийн нөхцөл байдлыг харвал, ялангуяа гадаад нөхцөл байдал, геополитик талаас өндөр эрсдэлтэй байгаа энэ үед иргэдийн ирээдүйн хүлээлтийн индекс өндөр гарч байгаа гол шалтгааныг та бүхэн хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Иргэдийн хувьд ойрын ирээдүйд орлого сайжирна, ажлын олдоц болон бизнесийн нөхцөл ч сайжирна гэж үзэж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Гадны эрсдэл өндөр байгаа ч иргэд орлого тогтвортой, ажил олдоц сайжирна гэдэгт итгэлтэй байна. Дотоод эдийн засгийнхаа төлөв байдлыг ер нь сайжирна гэж манай иргэд харж байна.

-Энэ нь манай улсын эдийн засгийн бодлогын үр нөлөө иргэдийн итгэл дээр эерэг хүлээлтээр илэрч байна гэж үзэж болох уу?

-Үнэндээ гадна талд маш тогтворгүй байгаа энэ орчинд манай эдийн засагт эерэг үр дүн, үзүүлэлтүүд гарч байгааг үгүйсгэх аргагүй. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 7 орчим хувьтай гарч байгаа нь эерэг дохио юм. 2025 оны IV улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин доогуур, ажиллах хүчний оролцооны түвшин тогтвортой байсан.

2026 оны нэгдүгээр улирлын дүн одоогоор гараагүй ч судалгааны үр дүнгээс харвал ойрын ирээдүйд байдал сайжирна гэсэн хүлээлт байгаад баяртай байна. Мөнгө, сангийн бодлого хоёулаа хатуурах талдаа явж ирсэн ч эдийн засаг эдийн засагт ажил эрхлэлт, үйлдвэрлэл дээр эерэг үр дүн гарч, инфляц бодлогын зорилтын орчимд хадгалагдаж байна. Дүгнээд хэлбэл, ямар ч байсан өнгөрсөн хугацаанд бодлогын зөв хувилбар явсан гэж хэлж болохоор байна.

-Гуравдугаар сарын гадаад худалдааны тоог харвал экспорт нэлээд ашигтай гарлаа. Нөгөө талдаа импорт буурсан бас үр дүн байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал ханш дээр ямар хугацаанд тогтвортой нөлөө үзүүлэх бол?

-Төгрөгийн ханш уналаа гэхээр эдийн засаг, бизнест муугаар нөлөөлнө гэж ихээхэн болгоомжлох хандлагатай байсан. Өмнө нь Төв банк ханшийг тогтмол байлгах нь өөрийнх нь үндсэн үүрэг юм шиг ханддаг байсан нь магадгүй нөгөө талдаа хүмүүст буруу хүлээлт үүсгэдэг байсан байх. Сүүлийн жилүүдэд Төв банкны хувьд энэ тал дээр зөв бодлого бариад, бодлогоо зарлаад явж байгаа нь хандлагын энэ өөрчлөлтөд нөлөөлж байгаа болов уу. Иргэд ханш зах зээлийнхээ жамаар өсөж, буурах нь байдаг л үзэгдэл гэдгийг ойлгоод, огцом хүчтэй савлагаа, тогтворгүй байдал үүсэх тохиолдолд Төв банк биднийг хамгаалах юм байна гэдэг итгэлтэй болсон байна. Тэгэхээр энэ нь онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд ханшийн хөдөлгөөнд өөрсдөө дасан зохицох, хамгаалалтаа хөгжүүлэх ёстой юм байна гэдэг хандлага төлөвшиж байна.

Ханш эдийн засгийн төлөв байдалд хариу үйлдэл үзүүлж хөдөлдөг бөгөөд иргэд, зах зээлд оролцогчид ч ханшид хариу үйлдэл үзүүлж шийдвэрээ гаргадаг. Импортын бууралт нь нөгөө талдаа төгрөгийн ханшийн бууралтын нөлөө явж - төгрөгийн ханш унах тусам импортын бүтээгдэхүүн үнэтэй болно. Ингэснээр ханшийн уналт импортлогчдод сөрөг нөлөөтэй боловч экспортлогчдод эерэг нөлөөтэй байна.

-Мөнгөний бодлого хатуу төлөвт байсаар байна. Одоо гарч байгаа макро үзүүлэлтүүд харьцангуй өөдрөг хандлагатай байгаа тул зөөлрөх төлөврүүгээ дөхөх боломжтой юу?

-Бодлогын төлөвт өөрчлөлт оруулах эсэх нь эхний улирлын тоонуудаас ихээхэн хамаарна. Эдийн засаг хэвийн байгаа тохиолдолд төр заавал шинэ тохируулга хийх шаардлагагүй гэж харж байна. Судлаачийн хувьд манай эдийн засаг жилд зургаа орчим хувиар өсвөл потенциал өсөлтөө хангана гэж үздэг. Зургаагаас доош орвол анхааруулга, харин 7 хувийн өсөлт нь магадгүй потенциал түвшинээс өндөр болж буй шинж тул бодлогыг сулруулах нь эдийн засагт халах эрсдэл үүсгэж болзошгүй.

Геополитикийн хурцадмал байдлаас болгоомжлол ялангуяа улстөрчдийн дунд их байх шиг байна. Гэтэл иргэд, бизнес эрхлэгчид ирэх зургаан сард эдийн засаг муудахгүй гэж хүлээж байна. Дэлхий нээлттэй болсон өнөө үед аль ч бүс нутгийн мэдээлэл шууд ирдэг болсон тул иргэд эдгээр шокийг өөрсдийн үйл ажиллагаандаа шингээдэг. Энэ шингээлт микро түвшинд явагдаж байгаа бол макро түвшинд ч бас бодлого хэрэгжүүлэхдээ анхаарах ёстой.

-Тухайлбал, яаж?

-Манай улсын бодлогын орчныг ажиглахад, ялангуяа хууль эрх зүйн, бодлогын өөрчлөлтүүд улс төртэй нэлээд холбоотой байдгаас дотоод шок их үүсдэг. Иргэд гаднын шок дээр нэмэгдсэн ийм дотоод шокуудад дасан зохицож, шийдвэрээ гаргадаг. Тиймээс ядаж дотоод бодлого, улс төрөөс үүдэлтэй шокийг багасгах нь чухал. Харин гаднын шокын хувьд тухайн үед нь нөхцөл байдалд тохируулан арга хэмжээ авах шаардлагатай.

Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогуудыг маш болгоомжтой хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээллийн хүртээмж нэмэгдсэн өнөө үед төрийн шууд оролцоог аль болох хязгаарлаж, мэдээллээр хангах чиглэлд илүү анхаарах нь тодорхойгүй байдлыг бууруулж, хүмүүсийн шийдвэр гаргалтад эерэгээр нөлөөлнө. Мөн төр хуулийн хэрэгжилт, хяналт, зохицуулалт, стратегийн нөөцийн удирдлага зэрэг өөрийн үндсэн үүргээ сайн биелүүлэх нь чухал. Шатахуун гэнэт хомсдох зэрэг асуудлууд нь энэ үүрэг хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Нямбаатар: А.Баяр өдөр биш шөнийн цагаар ирж ажилладаг, шашны зан үйл үйлддэг
Х.Нямбаатар: А.Баяр өдөр биш шөнийн цагаар ирж ажилладаг, шашны зан үйл үйлддэг
 
НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа
НИТХ-ын дарга А.Баярыг олонхын саналаар огцрууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!