АЗЕРБАЙЖАН УЛСААР: Түүх “амьдардаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 52 секунд

Бордуу нүд, шулуун урт хамар, өтгөн хар бараан үс. Габала дахь археологийн төвд 12 дахь жилдээ ажиллаж буй тайлбарлагч залууг гаднаас нь ажвал эрч хүчтэй, ширүүн дориу байрын төрхтэй харагдах. Гэвч түүний яриаг сонсоод эхэлбэл, ажилдаа үнэнч, үзмэр бүрийн “гайхамшиг”-ийг дотоод сэтгэлээсээ биширч явдаг гэдэг нь шууд л мэдэгдэнэ. Тэр бидэнд МЭӨ 5-р зуун буюу 2500-аад жилийн өмнө хүмүүний хэрэглэж байсан түүх соёлын дурсгалуудыг тайлбарлаж зогсоо нь энэ.

Азербайжан улсын Шеки хотын буйдхан алсад байрлах энэ археологийн төвд 2000 гаруй олдвор бий бөгөөд цаашид ч олдворуудаа нэмж, өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ийн мэдээлэл өгөх зуурт тэр бидэнд “Би та нарт гагцхүү үнэн бодит зүйлийг л ярих болно” гэсээр олон олдворууд дээр цаг үрэхгүй байх сонголтыг хийж, хамгийн үнэ цэнтэй гэж тодорхойлсон олдвор руугаа биднийг чиглүүлэв.

Бие биенээ тэврэн “мөнхөрсөн” хос. Мухар сүсэгтэй хүнд бол эртний хүмүүсийн “булш” хараад сэтгэл хөдлөх гэдэг ойлголт тийм ч ойр биш боловч тайлбарлагчийн онцолсон энэ олдвор үнэхээр л онцгой байв. Эрэгтэй нь эмэгтэйнхээ хацарт гараа нааж, өөд өөдөөсөө харж биесээ ширтсэн байх. Тэдний голд аяга, эрэгтэйнх нь хөлний дор сэлэм тавьжээ. Судлаачид энэ олдворыг эхнэр, нөхөр гэж тодорхойлсон ба эрэгтэйнх нь хөлний дор байрлуулсан сэлэм нь гэр бүлээ хамгаалах гэсэн хүчтэй харилцааг илтгэсэн гэж үзжээ.

Дэлхийн хаанаас ч ийм хоёул байгаагаар олдсон олдвор үгүй гэдгийг тайлбарлагч онцолж байсан юм. Үүнээс гадна тэр бидэнд малтлагын талбай, тэндээс олдсон ваар, шаазан, эмэгтэй эрэгтэй хүнийг дүрсэлсэн баримал тэр бүү эдэлж хэрэглэж байсан гоёл чимэглэлүүд гээд түүх, соёлын өргөн утга агуулагдах олдворуудаараа ёстой л нэг “гайхуулсан”. Магадгүй Азербайжан улсад зочлох дараагийн зочин нь та байвал түүх соёлоо тултал хүндэлж биширч, түүгээ “гайхуулдаг” ард түмнийх нь мэдрэмжийг эрхгүй хүртэх биз ээ.

Одоо харин цаг хугацааг багахан урагшлуулъя. Магад та нийтлэлээс эхлэлээс намайг ямар улсаар зочилж явааг гадарласан гэж найдаж байна. Зүүн Европ болон Баруун Азийг дамнан орших Азербайжан улс. Тус улс нь Кавказын бүс нутагт харьяалагддаг бөгөөд зүүн талаараа Каспийн тэнгист гарцтай. Мөн хойд хэсгээрээ ОХУ, баруун хойд талаараа Гүрж, баруун хэсгээрээ Иран болон Турк, урд талаараа Иран улсуудтай хиллэдэг. Ийм нэгэн улсаар аялахаар дөрвөлжин хар чемоданаа баглаж аваад, гадаад пасспорт дээрээ дахин нэг улсын штамб даруулж аваад хил давсан минь энэ.

Хил давахаасаа өмнө нэгэнт л очиж үзээгүй улс тул тухайн үеийн мэдрэмжийг тухайн цаг үед нь мэдэрч бас үлдээе гэж санаад “судалгаа” гэхээр зүйл ч хийсэнгүй. Монголоос гараад нийт 12 цаг нисэж, Азербайжан улсын нийслэл Баку хотод буулаа. Энд монголтой адил эрс тэрс цаг агаар, Каспийн тэнгисийн хүйтэн салхи угтав. Харахад орчин тойрон ногоорч, модод цэцэглэх шахуу болсон байхад тэнгисийн салхи харин ч нэг хийсгэчих шахаж байлаа. Ямартай ч цаг агаар дараагийн өдрүүдэд +15 хэмийг зааж байхад, шинийг үзэж харъя гэсэн итгэл найдвар арай ч тасрах аядсангүй.

Өглөө сэрж, зочид буудлын цонхоор орчин тойрныг сонжихуйц хуучин цагийн архитектур шингэсэн, гол төлөв бор шаргал өнгийн барилгууд хаа сайгүй байх аж. Харин одоо цонхоор тольдсон орчинтойгоо гадаа гудамжинд гарч нүдээр танилцана гэхээс эрхгүй сэтгэл хөдөлнө. Аялалын сайхан нь энэ дээ л гэж мэдрэгдэнэ. Догдлол, хүлээлт гээд л....

Оршил дууссан тул аялалдаа гаръя.

Аялал бүрээс мэдрэх зүйлс ондоо. Зарим нь зугаа цэнгэл, хөгжилтэй уур амьсгал, эрх чөлөө цаашилбал байгалийн гоо сайханг тархиндаа дурсамж болгон авч үлддэг бол Азербайжан улсад хийсэн аяллын маршрутыг тэр чигтээ ТҮҮХ СОЁЛ гэж тодорхойлж болохоор байлаа. Тэр дундаа түүх соёлоо хэрхэн авч үлдэж, хайрлаж хамгаалж, түгээн дэлгэрүүлдэг вэ гэдгийн жишээ. Энд шашин, үнэт олдвор, үзэл санаа гээд бүгд багтана.

-ХҮН ТӨРӨЛХТНИЙ "АМЬД АРХИВ"-

Бакугаас гараад цаг хэртэй явж байна. Үнсээр будчихсан юм уу гэлтэй саарал уулс, монголын зуныг санагдуулам байгалийн тогтоц. Сонирхолтой нь, өчигдөр л хийсгэчих шахам аядаж байсан салхи өдрийн цагаар зөөлөн болж орхижээ. Ийн цаг агаар, байгалийн тогтоц зэргийг нь анзаарч явсаар эртний хүмүүсийн ул мөрийг хадгалсан "амьд архив" гэгдэх газар ирлээ. Энэ газрыг Гобустаны дархан цаазат газар гэх аж. 35 мянган га талбайг хамрах энэ дархан цаазат газарт 7000 гаруй хадны сүг зураг үлджээ. Каспийн тэнгистэй зэрэгцэн орших энэ хэсэгт олон арван агуй, эртний хүмүүсийн суурьшлын ул мөр олдсон байдаг тул түүнийг хамгаалж, дэлгэрүүлэх зорилгоор музейг ч байгуулжээ.

Хадны сүг зураг, эдэлж хэрэглэж байсан зүйлс гээд хүн төрөлхтний анхны харилцаа, амьдралын хэв маягийг нэг дороос харж болдог нь анхаарал татна. Тиймдээ ч 2007 онд Юнескогийн Дэлхийн өвд ч бүртгэгджээ.

-ШАВАРТ ГАЛТ УУЛЫН "ЦЭЦЭРЛЭГ"-

Өнөө нүдэнд тусаад байсан саарал өнгөтэй уулс нь үнэн хэрэгтээ хэзээ "дэлбэрэх"-ээ хүлээж буй шаварт галт уул байжээ. Сонирхолтой нь, бид галт уул гэхээр сүрхий л том юм төсөөлөөд байдаг юм билээ. Дэлхийн шаварт галт уулын 50 хувь нь Азербайжанд байдаг бөгөөд бидний аялж яваа Гобустаны бүс нутагт маш олон жижиг, жижиг дэлбэрдэг галт уул байх аж.

Тэр бүү хэл зарим нь метан хий ялгаруулж, хөөсөрч буцалж буйг нүдээр үзэв. Олон арваараа хэзээ дэлбэрэхээ хүлээж буй шавран галт уулын цэцэрлэгт хүрээлэн. Үүнийг нүдээр үзсэний дараах сэтгэгдлийг товчоор илэрхийлбэл, бараг л өөр гариг дээр байгаа мэт мэдрэмж.

Эдгээр нь газрын тос, хийн орд байгааг илтгэдэг геологийн үнэ цэнтэй судлагдахуун болдог аж. Энэ утгаараа Баку дахь аялал жуулчлалын топ бүс гэж нэрлэгддэг байна.

No photo description available.

Гобустан дахь аяллын маршрутын дараагийн хэсэг бол Гобустаны дархан цаазат газарт амьдарч байсан амьтдын үзүүлэн хэсэг. Энд зэрлэг үхэр, буга, чоно, үнэг, арслан гээд амьтдын дүрслэлийг 3D макет болон бусад аргаар үзүүлсэн байдаг. Илүү үгээр яах билээ. Үүнийг нүдээр үзэж, сонирхох нь илүү "амьд" мэдрэмжийг төрүүлэх биз ээ.

-OLD CITY: Энэ зураглалыг л ҮЗЭХ ГЭЖ...-

Дараагийн цэг. 12-р зууны хэв маягаа хадгалж авч үлдсэн хамгийн эртний, түүхэн хэсэг бол Баку хотын Old ctiy. Хааны ордны хэрэм, цамхаг, нарийн гудамжууд гээд яг л дундад зууны үеийн хот өнөөдөр оршин буй нь энэ аж.

Та "Эрдэнэ нуусан гар" кинон дээр Андрей Мироновын гудамжаар явахдаа халтирч унадаг алдартай хэсгийг санаж байна уу. Яг л Европ маягийн гудамжууд тус сценид харагддаг шүү дээ. Үнэн хэрэгтээ тус киноны энэ мэт хэсгүүдийн зураг авалтуудыг Old city-д хийжээ. Тиймдээ ч энэ газрыг зорин ирсэн жуулчид киноны эл хэсгийг дуурайж, зургаа авхуулах нь бий.

May be an image of one or more people and text

Шигүү байрлалтай цайвар шаргал барилгуудын дундах нарийн гудамж тун үзэсгэлэнтэй аж. Тэнд наймаа "хагарч" буй дүр зураг ихтэй. Жуулчид ихээр зорин ирдэг цэг тул худалдаачид гоёл чимэглэл, хивс, бэлэг дурсгал, алдартай анар жимсний виногоо ч худалдаална. Харин би мэдрэмжийн тухайд юу хэлнэ гээч. Хуучин хотоор алхах нь зүгээр ч нэг мэдрэмжийн тухай асуудал биш аж. Сэтгэл санаа ч хаашаа ч яарахгүй байхыг зөвлөж, түүнийг дагаад алхах бүрт "түүх" үнэртэх мэт бодит үзэгдлүүд хөврөх.

Биднийг хоол идээд хөдлөх зуурт энд гэгээ тасарч, бороо шаагилаа. Хуучин хотын чулуун хана, гудамжны шар гэрэл, өндөр цамхаг орднууд. Энэ зураглалыг л үзэх гэж Азербайжанд ирсэн байх.

-4000 ЖИЛ АСАЖ БУЙ ГАЛ-

Та Азербайжан улсыг "Галын орон" гэж нэрлэдгийг мэдэх үү. Түүх соёл төдийгүй байгалийн баялаг, тогтоцын хувьд ч галтай салшгүй холбоотой улс аж. Үүнийг нотлох нэгэн газар бол ЯНАРДАГ. Асч буй уул гэх утгатай эл газарт уулын бэл хэсэгт байгалийн хийнээс шалтгаалж мөнхийн гал асдаг. Энэ үзэгдэл шөнө бүр ч үзэсгэлэнтэй байдаг аж. Тухайн газрыг Азербайжаны галын бэлгэдлийн хамгийн том жишээ гэж үздэг ба 4000 жил ийнхүү асаж байгаа аж. Салхи салхилж, бороо орсон ч унтардаггүй гэнэ. Эрт үед Торгоны замаар зорчиж буй худалдаачид энэ газрыг зорьж ирж, зан үйл хийдэг байсан аж.

Харин одоо аяллын “хачир”-аасаа хуваалцъя гэж саналаа. Амттан, цайлах соёл, үндэсний хувцас хэрэгсэл, үйлчилгээний газруудынх нь үйлчилгээ гээд "хачир" болгох зүйлс их. Нэг ёсондоо эдгээр нь аяллыг илүү амттай болгох хүчин зүйлс мөнөөсөө мөн. Жишээлбэл, үйлчилгээг нь л аваад үзье. Манайхаар бол “тулчихсан” үйлчилгээтэй газар байна билээ. Ресторан хоолны газруудын зөөгч нар эхний хоол аягалалтыг заавал өөрсдийн биеэр хийж өгдөг нь тун ч сонирхолтой.

Цайны соёлоороо дэлхийд алдартай гэдэг нь түүнд хэрхэн ач холбогдол өгч буйгаас харагдана. Ингэхдээ Азербайжанчууд цай уухдаа заавал амттан тавьж, цуг хэрэглэдэг юм билээ.

Харин зөөгч нар нь нийтлэгээрээ эрэгтэй хүмүүс ажиллана. Миний Бакуд өнжсөн гурав хоногт эмэгтэй зөөгчтэй газар тун цөөн таарсан юм даг. Хоолны хувьд монголоос төдийлөн гажаад байх зүйлгүй. Магад та ийш аялах гэж байгаа хүнд "Хоол тохирох болов уу" гэх эмээхэд санаа зовних хэрэггүй болов уу л гэж хэлмээр байна.

Үргэлжлүүлэн Шеки болон Ланкаран хотын аялал бидэнд үлдлээ. Магад түүх соёл гэхээр уйтгартай, нэгэн хэвийн аялал гэж төсөөлж байж болох ч Азер дахь аялалын эхээс л түүх соёлынх нь "амттайг" мэдэрч явна. Ямартай ч дөрвөлжин чемодан, гадаад пасспортоо цүнхлээд, халаасандаа мөнгөгүй болсон ч утасныхаа галлерей дүүрэн “дурсамж”-ийн цуглуулгатай буцах юм шүү гэсэн хүсэлд өөрийгөө "уяж" орхиод эхний тэмдэглэлээ ийн дуусгая.

/Жич: Анкара дахь ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Азербайжан улсаар аялах сэтгүүлчдийн хөтөлбөр амжилттайгаар эхэлж буй нь энэ. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа өргөжихийн хэрээр энэ мэт хөтөлбөрүүд ихсэж, олон талт хамтын ажиллагаа нэмэгдэхийг албаныхан онцолж байсныг энд дурдах нь зүй/

Улаанбаатарт 11 хэм дулаан
Улаанбаатарт 11 хэм дулаан
 
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!