Харилцаанаас ХАРИЛЦАА....

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 46 секунд

Та хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар харилцахдаа хоолойны өнгө, биеийн хэлэмж, харц гэх мэт зүйлээ анзаардаг уу. Яагаад ингэж асуув гэхээр сүүлийн үед хүмүүс хоорондын харилцаа нэг л ширүүн болж буй нь зүгээр л гудамжинд явж байхад илт анзаарагддаг болжээ.

Зам дагаад алхахаар хоорондоо хэлэлцээд ч байгаа нь мэдэгдэхгүй, хэрэлдээд ч байгаа нь ойлгомжгүй тийм нэг хахир хатуу зангаар хоорондоо харилцах хүмүүс цөөнгүй. Зүгээр л 10 жилийн сурагч формтой хүүхдүүд нэгнээ "Хөөе чи, п.... минь" гэж дуудсанаа зүгээр яриад байгаа нь чих дэлсэнэ. Нөгөөх нь хараалын үгээр дуудуулж байж тоож байгаа ч шинжгүй "Яасан сда... минь" гээд л энгийн яриа аятай хээв нэг хариу барина. Сургуулийн хүүхдүүдийн харилцааны 10 үгний тав нь хараал байх энүүхэнд. Хойно алхаж явсан хоёр хүүгийн ярианаас сонсоход л анзаарагдана.

Өсвөр насныхан орчин тойрон, эцэг эх, асран хамгаалагч нараасаа хамааралтайгаар тэдгээр үгнүүдийг сурч байгаа нь ойлгомжтой. Санамсаргүй байдлаар хэн нэгний гутлан дээр гишгээд уучлалт гуйх хооронд л хаанаас нь гардаг юм гэмээр хараалын үгний цуглуулгыг өөд уруугүй урсгана. Тийм үг сонссон хүн мэдээж уучлалт биш хэрүүл хийж эхэлнэ. Монгол хэлний үгийн сан дан хараалаас бүтсэн юм уу гэлтэй даанч элбэг үгийг хамаа замбараагүй хэлж, хажуугаар нь нүд нь улаанаар эргээстэй.

Замын түжрэлд зогсоод цагдаагийн дохиур, гэрлэн дохионы ээлжээ хүлээгээд зогсож байж л ганцаараа яарсан аятай сигналаа даанч гамгүй дарна. Хажууд нь зогсоо автобус, машинуудад даралт ихтэй хүмүүс яваа бол зүрх нь дэлсэж, толгой нь манарч болих болов уу гэсэн итгэлээр энгэрээ задгайлж, цонхоо онгойлгож агаар амьсгалахыг хичээнэ. Ойр хавийнх нь хүмүүс болиулахыг хичээж үг хэлэхэд хэрүүл болгон өлгө аваад л хэн ч байсан хамаагүй гутаан доромжилно. Зарим нь бүр уур омгоо барьж ядан машинаасаа бууж ирээд заамдалцаж авах нь энүүхэнд.

Жаахан ядарсан, өлсгөлөн байсан уураа харилцаж байгаа хүндээ гаргаж байгаа аятай үл тоосон хоолойгоор харилцаа эхэлбэл амжилт олох нь ховор. Хүнээс юм гуйж байж албатай аятай захиргаадсан өнгөөр тэгээдэх гэж ширүүлбэл тэр хүн хүсэлтийг биелүүлэх үү. Бодоод үзээрэй.

Эмнэлгийн үйлчилгээ авахаар очиж байгаа бүх хүн л өвдсөн, зовсон асуудалтай яваа. Гэтэл яг адилхан асуудалтай явж байж ганцаараа өвдсөн аятай эгчдээ, эмээдээ, өвөөдөө, ахдаа гэж ирээд л урдуур дайрах гэж зүтгэх нь таны зөв үү. Адилхан өвдсөн хүн л тэнд үзүүлэхээр хүлээгээ нь ойлгомжтой шүү дээ. Үгүй гэчихвэл тэгээд түмэн зүйлийн үгсээр дайрна. Сүүлдээ ч өмнө нь ирсэн нь, эсвэл цахим ашиглаж сурсандаа буруутай ч юм шиг. Бүр өвдсөн нь буруу ч юм шиг мэдрэмжтэйгээр улам сэтгэл гутралд орж өвчин нэмэхээр эмзэглэл төрнө.

Хажуудахаа, ойр тойрноо нэг ажаад үзээрэй. Та бидний харилцаа ямар байна вэ. Харилцаанаас харилцаа, ярианаас яриа үүснэ. Харц биеийн хэлэмждээ анхаараад та жаахан эелдгээр инээмсэглээд хэлээд үзвэл тэр хүний хариу тийм л байх болов уу. Өсвөр үеийнхнийхээ хүмүүжлийн муухайг гайхаж суухаар өөрийнхөө хүмүүстэй харилцаж байгаа харилцаандаа эхлээд анхаараад, дараа нь хүний хүүхдийн хүмүүжлийг шүүмжилбэл ямар бэ. Магадгүй миний, таны хүүхэд гудамжинд найзтайгаа ярилцахдаа 10 үгний тав нь хараал хэлж байвал яах вэ. Гудамжинд явж байгаа хүнээс ч суралцдаг нас шүү дээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
 
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэллээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!