
Цагдаагийн алба хаагч иргэнийг буудсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Уг мэдээллийн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Т.Баатараас тодрууллаа.
Т.Баатар: 2026 оны дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнийн 01:56 цагт Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 23 дугаар сургуулийн баруун талын байрны гадаа согтуу хүмүүс орилолдоод байна гэх мэдээлэл иргэнээс ирсэн. Тухайн дуудлагад авто эргүүлийн чиглэлийн хоёр алба хаагч очсон. Дөрвөн хүн хоорондоо маргалдсан, нэг эрэгтэй нь гэр бүлийн хамаарал бүхий хүнээ газар хэвтүүлэн зодож буй нөхцөл байдалтай байсан.
Алба хаагчид тухайн иргэдэд шаардлага тавихад алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, дуудлага өгсөн иргэн байрнаас гарч ирэхэд тухайн иргэн рүү мөн дайрч биед нь халдсан. Энэхүү үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн алба хаагч шаардахад үйлдлээ зогсоогоогүй. Иймээс нэмэлт эргүүл дуудсан. Нэмэлт эргүүлийг ирэхэд мөн биед нь халдсан үйлдэл гаргасан.
Таван удаа анхааруулахад үйлдлээ зогсоогоогүй учраас нэг удаа анхааруулж, Цагдаагийн албаны хуулийн 51 дүгээр зүйлд заасан нэг удаагийн тусгай хэрэгсэл болох резинин сумтай бууг нэг удаа хэрэглэсэн үйлдэл гаргасан. Тухайн иргэний гуя хэсэгт резинин сумтай буугаар оносон учраас шалбаралт үүссэн тул түргэн тусламж дуудан анхны тусламж үзүүлсэн.

Хоёр алба хаагчийн нүүрэн маажсан сорви үүссэн. Цагдаагийн алба хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн асуудлаар шалгалтын ажиллагаа явагдана. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцно.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!