
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас хээрийн гурван түймрийг унтрааж ажиллажээ. Үүнд:
Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн "Арц холбоо уул" гэдэг газарт БНХАУ-аас хээрийн гал түймрийн орж ирсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12:48 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн нийт 31 хүн, 4 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 02:21 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:06 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 10000 га талбай өртөж шатжээ.
Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум дөрөвдүгээр багийн “Билүүт” гэдэг газарт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ний өдрийн 16:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, “Төхөм”-ийн уурхайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 39 хүн, 7 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 20:02 цагт цурамд оруулан, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 400 га талбай өртөж шатав.
Хэнтий аймаг, Жаргалтхаан сум тавдугаар багийн “Холбоо нуур” гэдэг газарт Хогийн цэгээс хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 15:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цэнхэрмандал суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус газрын Батноров сум дахь 42 дугаар анги, Баянмөнх суманд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын алба хаагчид, Жаргалтхаан сумын Мэргэжлийн ангий, Мөрөн сумын Мэргэжлийн анги, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн анги, Баянмөнх сумын Мэргэжлийн ангийн нийт 94 хүн, 17 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 20:15 цагт цурамд оруулан, 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 5400 га талбай өртөж шатжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!