Нэгэнтээ “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “Монгол Улсын эзэн” хэмээн хэлж байсан. Тэгвэл “эзэн”-ийн “Кью Эс Си” компани дархан эрхээ хэрхэн эдэлсэн талаар өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаан дээр сонсгол хийжээ. Энэ талаар Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас удтал дархан эрх эдэлсэн “Кью Эс Си” компанитай үзэлцэх нь тодорхой боллоо.
Хөгжлийн банкнаас зээл авсан топ есөн аж ахуйн нэгжийн нэг, найдваргүй зээлдэгч таван компанийн нэг гэх цол “Кью Эс Си” компанийнх. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн сайт руу орж үзвэл “2014 онд төслийн хөрөнгө оруулагч болох үндэсний “Кью Эс Си” компани нь концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийг эзэмших болсон бөгөөд 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна” гэжээ. Уг төсөл хоёр жилийн өмнө хэрэгжиж дууссан байх ёстой аж.
Гэтэл төсөл дуусах нь байтугай зорилго нь өөрчлөгдсөн гэдгийг Г.Дамдинням гишүүн ярьжээ. Тэрбээр “Тус гэрээгээр бол “Кью Эс Си” компани 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд Металлургийн цогцолборыг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулна гэсэн үүрэгтэй байдаг. Гэтэл 1000 гаруй хүн ажилладаг, төмөрлөгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоогоод одоо уул уурхайн компани болоод хувирчихсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан байна. Нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хирнээ 2016 оноос хойш татварын өртэй, хуримтлуулж явсаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад төлөх 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байна” гэсэн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Төмөртолгой, Төмөртэй болон Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн анх байгуулагдсан байдаг. “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулж эдгээр ордоос олборлолт хийж, дотооддоо боловсруулах байтал урагш хил давуулан зөөж байгаа нь зүйд нийцэхгүй. Гэвч тэд хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан концессын гэрээндээ найдаж ийнхүү дураараа авирлаж байгаа аж. Уг концессын гэрээг ямар нэг байдлаар төр зогсоох гэвэл “Кью Эс Си” компанийн олон ёстой байсан ашгийг төлөх өрөнд унах аж.
Хөгжлийн банкнаас “Уул уурхай, металлургийн цогцолбор” барих нэрээр авсан 90 гаруй сая ам.долларыг ч эргэн төлөөгүй, цогцолбор ч байхгүй, сүүлдээ бүр орд ч үгүй болох нь.
Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ авто зам барьж, улсад 253.4 тэрбум төгрөгөөр шахсан луйврыг нь илрүүлж, буцааж төлүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд шүүхээс гаргажээ. Тэгвэл дээрх ордуудын нөөцийг дуусахаас нь өмнө олборлолтыг зогсоохоор УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, шалгах ажлын хэсэг байгуулах санал дээр МАН-ын бүлгийн гишүүд нэгджээ.
Дархан-Уул аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням дээрх асуудлыг барьж авсан нь сонгогчдынхоо сайшаалыг хүлээж байна. Гэвч үүн дээр хэрхэн хөдөлж, төрийн зангарагыг хэрхэн гаргахаас түүний улс төрчийн зам урт байх эсэх нь шийдэгдэх биз ээ. Тэрбээр ярилцлагадаа “Заавал үр дүн гаргана” хэмээн хэлжээ...