NBA PLAY-IN: Амьд үлдэх эсвэл улирлаа дуусгах тулаан эхэллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
6 минут 18 секунд

NBA лигийн улирлын тоглолтууд өндөрлөж плэй-офф шатанд таарах багуудын оноолт гарч эхэлсэн. 2021 оноос лиг шинэ формат буюу 7-10 дугаар байранд жагссан багууд плэй-офф шатанд өрсөлдөх эрхийн төлөө тоглодог болсон. Энэ формат амжилттай болж, аналист багууд болон үзэгчдээс өндөр дүн авч, 2022 оноос албан ёсны болгоод байгаа билээ.

Эхний тоглолт бүсийнхээ 7 болон 8 дугаар байрт жагссан багуудын тоглолтоор эхэлж, хожсон баг 7 дугаар байраа баталгаажуулан плэй-офф шатанд шалгарна. Харин хоёр дахь тоглолт 9 болон 10 дугаар байраар гарсан багуудын хооронд болж, хожигдсон баг улирлаа дуусгана. Гурав дахь тоглолт эхний тоглолтын хожигдсон баг болон хоёр дахь тоглолтод хожсон багуудын хооронд болж, ялалт авсан баг 8 дугаар байраар плэй-офф шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Харин энэ жилийн Play-in шатанд ямар багууд оров, оноолт хэрхэн таарсан, бас хэн ялж плэй-офф шатанд өрсөлдөх эрхийг авах талаарх нийтлэлийг уншигч танд хүргэж байна.

Жоэл Эмбийд талбайд гарвал Сиксерс хожих боломж нэмэгдэнэ

Дорнод бүсэд Сиксерс 7 дугаар байрт жагсаж, Орландо Мэжик 8 дугаар байрт жагссан. Хоёр баг галзуу ганц тоглолт хийж, хожсон баг плэй-офф шатанд шалгарна. Энэ улиралд хийсэн тоглолтуудад Сиксерс 2-1 харьцаатайгаар илүүрхсэн. Хожигдол хүлээсэн тоглолтод Ж.Эмбийд оролцоогүй ба нөгөө талд Орландо Мэжикийн сэлгээний оноо авалт тоглолтын үр дүнг шийдсэн. Харин Лигийн “хориотой эм бэлдмэл"-ийн дүрмийг зөрчиж, 25 тоглолтоор торгуулаад байсан Пол Жорж багтайгаа нэгдээд тун давгүй тоглолтыг үзүүлж байгаа.

Жоэл Эмбийд мухар олгойн хагалгаанд орсон нь хамгийн муу мэдээ болсон. Энэ тоглолтод Ж.Эмбийд ирвэл Сиксерс ялах магадлал илүү болно. Ж.Эмбийд энэ улиралд 29.9 оноо, 7.7 самбар, 3.9 ашигтай дамжуулалт дунджилж байна. Багуудыг ерөнхийд нь дүгнэвэл Сиксерс туршлага болон талбайн давуу тал байгаа. Харин Орландод багийн бүрэлдэхүүн бүрэн болон туршлагажиж байгаа залуу одод байна.

Хорнетс багт Хитийн pick-and-roll хувилбарыг зогсоох гэрийн даалгавар байгаа

Харин нөгөө талд Шарлотт Хорнетс баг Миайми Хит багтай тоглоно. Хоёр баг энэ улиралд дөрөв таарч гуравт нь Миами Хит баг хожил байгуулжээ. Улирлын үр дүнг харсан ч Миайми хожих илүү боломжтой. Тэдний хувьд багийн систем сайн, хамгаалалт, довтолгоо жигд баг. Харин Хорнетсын хувьд довтолгооны тал дээр асуудалгүй ч эргээд хамгаалалт тэдний сул тал болдог.

Хэдий туршлага багатай гэж хэлж болох ч залуу бүрэлдэхүүний алсын зайн шидэлт байндаа тусаад эхэлбэл ямар ч багийг буулгаж авах бүрэн боломжтой. Хоёр багийн хожсон нь плэй-офф шатанд 8-р байраар гарахын төлөө тоглох бол хожигдсон баг улирлаа дуусгах юм. Хорнетс багт Хитийн pick-and-roll хувилбарыг зогсоох гэрийн даалгавар байгаа.

Финикс тоглолтын хэмнэлийг хэр авч тоглохоос их зүйл шалтгаална

Харин өрнөд бүсэд Финикс Санс, Портланд Трэйл Блэйзерс багтай учраа таарсан. Энэ улиралд хоёр баг 3 удаа таарч Санс 2 тоглолтод хожил авсан. Талбайн давуу тал туршлагаа харвал Санс хожил байгуулах магадлалтай. Харин Блэйзерс багийн тоглолт сайтай, өндөр, нуруулаг залуу бүрэлдэхүүнтэй баг. Хамгаалалтаараа Санс багийг аваад залахыг үгүйсгэх аргагүй.

Тэд улирлын төгсгөлийн сайн хийж бүсийнхээ 8 дугаар байрт жагссан. Финикс тоглолтын хэмнэлийг хэр авч тоглохоос их зүйл шалтгаална. Мөн тэд хожихын тулд бөмбөг алдалт бага гаргах хэрэгтэй. Тэд аль болох тогтсон хувилбараар тоглохыг хичээх бол Блэйзерс хамгаалалтаас хурдан довтолгоонд шилжсэн тоглолтыг чухалчлах байх. Будагтай талбайд Блэйзерс илүүрхэх магадлал илүү.

Хамгаалалт болон бүрэлдэхүүний хувьд Клипперс хожих магадлал их

Энэ жилийн хамгийн сонирхолтой тоглолт Лос Анжелес Клипперс, Голден Стэйт Уарриорс багуудын хооронд болно. Хожсон баг 8 дугаар байрын төлөө өрсөлдөж ялагдсан баг улирлаа дуусгах юм. Хоёр баг энэ улиралд 4 удаа таарч Клипперс 3-1 харьцаатайгаар илүүрхсэн. Улирлын сүүлчийн тоглолтоо хоорондоо хийж Клипперс хожил байгуулсан. Улирлын сүүлийн тоглолтод С.Карри оролцсон ч бэртэл нь бүрэн эдгэрээгүй байгаа байдал ажиглагдсан. Харин Клипперсын хувьд улирлын сүүлийн тоглолтод гол тоглогчдоо амраасан ч Уарриорсыг буулгаж авсан.

Уарриорсын хувьд Д.Грийн энэ тоглолтод оролцох эсэхээс олон зүйл шалтгаална. Д.Грийн байхгүй бол Кавай Леонардыг зогсоох хүн Уарриорс багт байхгүй. Хамгаалалтын гол тоглогч эргэж ирээд С.Карри зовуурьгүй тоглож чадвал тэдэнд боломж бий. Хурдан довтолгоо, алсын зайн шидэлтээр Уарриорс илүүрхэх боломжтой. Клипперс С.Карригийн тоглолтыг хязгаарлаж чадвал хожлоо халааслах боломжтой. Хамгаалалт болон бүрэлдэхүүний хувьд Клипперс хожих магадлал их. Мөн талбайн давуу тал тэдэнд бий.

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ
 
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас, 5 хэм дулаан
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!