Баянгол дүүргийн Засаг дарга 26-р оршин суугчидтай уулзаж, энэ онд хийх хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 42 секунд

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон ЗДТГ-ын хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдтэй дүүргийн 1-34 хорооны оршин суугчидтай уулзаж, дүүрэгт 2025 онд хийсэн хөрөнгө оруулалтын ажил болон энэ хийх бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Энэ хүрээнд 2026.04.09-ний өдөр дүүргийн 26 дугаар хороонд ажиллалаа.

Баянгол дүүргийн урд бүсэд байрлах 24, 26 дугаар хороо хүн ам ихээр төвлөрсөн суурьшлын бүс. Зөвхөн 26 дугаар хороо буюу “Нарны хороолол” гэхэд 20 мянга гаруй буюу нэг аймгийн хэмжээний хүн амтай бол замын эсрэг талд байрлах 24 дүгээр хороонд 16 мянга орчим иргэн оршин суудаг. Дээрх бүсийн хотхон хорооллууд сүүлд баригдсан учраас цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй байсан ч сүүлийн 4-5 жил шат дараатай арга хэмжээ авснаар дээрх хоёр хороо буюу тухайн бүсэд нийт 6 цэцэрлэгийг улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч ашиглалтад оруулсан юм. Гэвч сургуулийн хүртээмж хангалтгүй байсаар байгаа бөгөөд 26-р хороонд төрийн өмчийн 141дүгээр сургууль үйл ажиллагаа явуулдаг. Тус сургуульд дээрх хоёр хорооны 4500 гаруй хүүхэд суралцдаг, ачаалал хэт өндөр тул 3 ээлжээр хичээллэх эрсдэл үүссээр байгаа юм. Иймд нийслэл, дүүргийн зүгээс анхаарал хандуулснаар 2026 онд 141-р сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг НТХО-аар барих ажлыг эхлүүлэхээр болсон. Дүүргийн Засаг дарга болон холбогдох хэлтсийн дарга нар энэ тухай болон тухайн хороонд хийж бусад ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр оршин суугчид өөрсдөд тулгамддаг олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, явган хүний болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарцууд нэмэгдүүлэх, явган хүний болон авто замын нөхөөс хийх, хороо болон ӨЭМТ-ийг шинэ байртай болгох, Нарны хороолол болон Цагдаа хотхон орчим ус тогтдог байршлуудын шугам хоолойг сайжруулах, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх гэх мэт олон саналыг хэлсэн.

Дүүрэг орон нутгийн удирдлагууд өмнө нь тухайн хороо, бүсэд ажиллах үед дээрх саналуудыг оршин суугчид мөн хэлж байсан бөгөөд иргэдийн хөндсөн асуудлыг шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд 26-р хорооноос Нарны зам руу гарах явган хүний гүүрийг НТОХ-аар барьсан. Ингэснээр авто замын түгжрэл буурснаас гадна зам тээврийн осол бүртгэгдээгүй гэсэн мэдээг Цагдаагийн байгууллагаас өгч байгаа.

Мөн “Нарны хороолол” доторх гэрэлтүүлгийг өмнө нь СӨХ-д хариуцдаг байсан бөгөөд ингэхдээ цахилгааны төлбөр хэт өндөр гарч байна гэсэн шалтгаанаар гэрэлтүүлгийг асаадаггүй зэрэг зөрчил ихээр гарч байсан. Иймд иргэдийн гомдлын дагуу хотхон хороолол доторх гэрэлтүүлгийг энэ жилээс дүүрэг өөрийн мэдэлд авч, ашиглагч компанид хүлээлгэн өгсөн. Мөн Хорооны цогцолбор байрны газрыг шийдвэрлэхээр хэд хэдэн байршилд судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн энэ уулзалтын дараа оршин суугчдын хэлсэн саналуудыг нэгтгэсэн Ажлын даалгавар гаргах бөгөөд холбогдох яаралтай шийдвэрлэх асуудлыг дүүргийн Менежерээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ирж ажиллах бол иргэдээс гарсан зарим санал хүсэлтийг энэ он болон ирэх онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллах юм.


26-Р ХОРООНД ЭНЭ ОНД ХИЙГДЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ:

  • НБЕ-ын 141-р сургуулийн өргөтгөлийн барилга /НТОХ/

  • Хотын гол болон орон сууцны хороолол доторх авто замын засвар шинэчлэл /НТОХ/

  • Тохижилтын ажил /НТХО/

  • НЕБ-ын 141-р сургуулийн спорт заалны шалыг шинэчлэх ажил, /ДТХО/

  • ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил, /ДТХО/

  • Нийтийн эзэмшлийн 6 байршилд гэрэлтүүлэг суурилуулах ажил /ДТХО/

Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр Н.Чимгүүндарь ажиллахаар болжээ
Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр Н.Чимгүүндарь ажиллахаар болжээ
 
ЭСЯ: БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх тохиолдлууд гарч байна
ЭСЯ: БНХАУ-д зорчихдоо гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх тохиолдлууд гарч байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!