
Жүжигчин Ц.Ганзоригтой ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Ирээдүйн Мистер 2026” Хотын аварга шалгаруулах тэмцээнээс Эрэгтэй фитнес ангилалд хүрэл медаль хүртсэн юм.
-Хоёр жилийн өмнө анх фитнесийн тэмцээнд оролцож байсан санагдана. Энэ хугацаанд ололт амжилт их гаргасан харагдаж байна. Та өөрөө хэрхэн дүгнэж байна вэ?
-Одоогоос хоёр жилийн өмнөхөө эргээд харахад маш сайхан амжилттай байлаа. Уран бүтээлийн хувьд ч тэр, хувь хүнийхээ хөгжлийн хувьд ч тэр амжилттай сайхан байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд, жүжигчнийхээ хувьд өөрөө өөртөө өөрчлөлтийг хийж үзье гэсэн эртний мөрөөдөл байсан. Тэрхүү мөрөөдлийнхөө эхний давааг хоёр жилийн өмнө давсан. Бодибилдингийн Улсын аваргад анх орж айдсаа давж, тэндээсээ энэ спортын гайхамшгийг мэдэрч, эр хүний үнэлэмжээ мэдэрсэн мэдрэмжийг авч эхэлсэн. Энэ удаа Хотын аваргад орлоо. Яагаад ороод байгаа вэ гэхээр зарим хүмүүс ойлгохгүй байгаа юм л даа. Энэний булчин шөрмөс нь хаана байгаад байгаа юм гэх мэтээр асуудаг. Миний хувьд уран бүтээлчийнхээ хувьд би өөрийгөө эвдэж байгаа. Нөгөө л тарган бүдүүн Ганзориг, нөгөө л байдаг л дүрүүдэд тоглочих гээд байсан. Тийм учраас би өөрийгөө маш сайн эвдэж, олон улсын жүжигчдийн дайнд хүрэх гэж хичээсэн. Ер нь гадны жүжигчид өөрсдийгөө маш сайн дайчилдаг. Тэр дагуу л би яагаад болохгүй гэж, алийн болгон монгол уран бүтээлчид мариалаг, хээ шаагүй байх ёстой юм, өөр стиль имижийг өөртөө бүрдүүлье гэдэг утгаараа хүсэл мөрөөдлийнхөө зүг рүү явж байна. Хоёр дахь удаагаа гарсан юм чинь цааш дахин хотын аварга, улсын аваргад гарах зорилтууд бас байгаа. Энэ спортод ямар нэгэн арын хаалга байдаггүй. Хүн өөрөө хэр их хөдөлмөрлөж, хэр их бэлтгэлээ хийсэн байна гэдгээрээ хүний нүдэнд тодорхой харагддаг болохоор үнэхээр шударга, гоё спорт.
-Та өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна. Бэлтгэлийнхээ хажуугаар ажил амьдрал, үр хүүхэд, гэр бүлээ хэрхэн зохицуулж байна вэ?
-Тэмцээний бэлтгэлийг өдөрт маш олон цагаар хийдэг. 4-5 цаг багштайгаа бэлтгэлээ хийнэ. Миний хувьд олон хүүхэдтэй. Бэлтгэлийн хажуугаар хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуулийг зохицуулна. Ер нь эр хүн бүх л ажлыг зохицуулах хэрэгтэй. Яаж ийж байгаад л зохицуулаад ард нь гарна. Спортоор хичээллэснээр надад гарч байгаа өөрчлөлтүүд гэвэл цагийн менежменттэй болсон. Цаг, заваа зөв зохицуулдаг болсон. Дээр нь залуусын хэрэглээнд их байдаг спирт гэдэг зүйл ор тас мартагдсан. Би энэ спортоор хичээллэснээс хойш гурван жилд сахилга бат, дэг журам гээд бүгдийг маш сайн суралцаж байгаа. Спорт хүнийг маш гоё хүмүүжүүлж өгдөг. Түүгээрээ маш гоё. Тэр олон цагийн бэлтгэлийн хажуугаар аавынхаа үүргийг гүйцэтгэнэ. Олон ажил амжуулж сурсан.
Миний үзүүлбэр циркийн тоглолттой. Фитнес ангилал гэж байдаг. Үүнийг хүмүүс ойлгоосой. Тэгэхгүй бол нэг зураг оруулахаар тэр хүний өмнөөс би алдчихсан юм шиг, тэр хүний өмнөөс би муу бэлдчихсэн юм шиг намайг заримдаа маш хэцүү байдалд оруулдаг. Энэ бол фитнес үзүүлбэртэй ангилал. 50 хувийн үзүүлбэртэй. Би энэ удаад циркийн үзүүлбэр үзүүлсэн. Хүүхдийн дээгүүр харайдаг. Энэ их бэлтгэлийн хажуугаар, энэ их хоол сойлт, энэ их дэглэмийн хажуугаар циркийн бэлтгэл хийнэ гэдэг асар их хүч хөдөлмөр гаргасан, хичээсэн. Миний бас нэгэн том зорилго би өөрөө уран бүтээлчийнхээ хувьд ч, аав хүнийхээ хувьд ч, эр хүний хувьд ч нийгэмд сайн сайхныг бүтээж болдог юм шүү гэдгийг харуулахыг хичээж байгаа. Яагаад гэхээр хүүхдүүд минь өсвөр насан дээрээ очиж байна. Бидний үед аав ээж үглэж байхад бид маш хүлээцтэй сонсдог байсан. Одооны хүүхдүүдийн харилцаа хандлага өөр болсон. Тэдэнд үглэх шаардлагагүй болсон. Тэд бүх хэрэгтэй мэдээллээ сошиал орчноос авчихдаг болсон. Түүний оронд би хүүхдүүддээ яаж үлгэрлэж, яаж нийгэмдээ дуу хоолой болох вэ гэдэг үүднээс энэ үйлдлийг би зориг гарган олон жилийн өмнөөс хийсэн. Миний хүүхдүүд аавыгаа хараад, эцгийгээ хараад зөв сайхан дадалтай болж өсөөсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт, би үе тэнгийн залуустаа эрүүл саруул амьдралын хэв маягийг уриалж байгаа. Маш олон давуу тал спортод байдаг гэдгийг өөрөөрөө харуулахыг зорьсон. Авч байгаа шагналдаа гол нь биш өөрийн урсгасан хүч хөдөлмөрөө үнэлүүлээд тэр тайзан дээр 30-хан секунд зогсохын төлөө гурван жил бэлдэнэ гэдэг эр хүнээс гарах ёстой, давах ёстой тэсвэр тэвчээрүүд байсан. Миний хүсэл мөрөөдлийг багш минь маш сайн ойлгож намайг бэлдсэн. Бат-Эрдэнэ багшдаа бас энэ ташрамд баярласнаа илэрхийлье. Юманд яарах хэрэггүй байдаг. Яагаад гэхээр алс алсдаа болно. Эхний тэмцээнд би ороход туралт байсан. Жин хаях байсан. Ямар нэгэн булчингийн масс нэмэх гэдэг байгаагүй. Хоёр дахь жилдээ би ахисан. Тодорхой хэмжээнд булчингуудаа ярзайлгах гэдэг юм руугаа дөхсөн. Дараагийн тэмцээндээ Ганзо ямар лэвэл ап хийхийг мэдэхгүй. Ямар ч байсан би энэ спортоо хаяхгүй цаашид хичээллээд явна.

-Та хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж байгаа гэж хэллээ. Хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлж байгаа нь эхнээсээ мэдрэгдэж байна уу?
-Мэдэгдэж байгаа. Үндсэндээ би спортод таг хүн. Ямар ч спортод сонирхолтой хүн байгаагүй. Орон нутагт тоглолтоор очихдоо очсон газрынхаа уул руу л их алхдаг хүн байсан. Энэхүү спорт руу орсноо анх тооцвол таван жил болж байна. Энэ хугацаанд манай хүүхдүүдэд маш сайн нөлөөлсөн. Хоёр хүүгийн минь нэг нь сагсанбөмбөг сонирхож байна. Нөгөө хүү минь волейболын секцэд явж байна. Гуравдугаар ангийн охин минь спорт сонирхоод эхэлсэн. Үр хүүхдүүдээс гадна ойр тойрныхондоо нөлөөлж эхэлсэн. Би сүүлийн хоёр хоног наадмын түрүү бөх шиг л амьдарч байна. Маш аз жаргалтай байгаа. Гарсан ч, орсон ч хүмүүс баяр хүргээд, маш гоё л мэдрэмжтэй яваад байгаа. Найзууд ч бичиж байна. Найз нь зааланд ирчихлээ. Одоо спортоор хичээллэнэ гээд зургаа явуулж байна. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөдөө нөлөөлж чадаж байгаадаа баяртай байгаа. Өчигдөр хүү минь оройн хоолонд цуйван хийгээд идэж байснаа талыг нь идэхгүй өглөө иднэ гэхээр нь би загнаад, битгий хоол үлдээгээд бай. Аав нь ямар их бэлтгэл хийж, яаж хөлсөө урсгаж байгааг мэдсээр байж гэтэл "Ааваа би бас таргалмааргүй байна. Үлдээгээд өглөө талыг нь идье" гэж байгаа юм. Гэх мэтээр нөлөөлөл гарч байна. Түүндээ би бас их баярлаж байгаа. Магадгүй ирээдүйд миний хүүхдүүд 30 нас гараад, 40 нас гараад аавыгаа эргээд харахад "Миний аав ямар хөдөлмөрч байсан юм бэ, ямар их хүч хөдөлмөр зарцуулсан юм бэ" гэдэг талаасаа суралцах байх гэж бодож байгаа.
-Спортын хувьд арвин сайхан амжилттай яваа. Уран бүтээлийн хувьд бас шинэхэн уран бүтээлийнхээ нээлтийг хийсэн. Шинэ продакшн байгуулсан гээд чамлахааргүй амжилттай яваа гэж бодож байна. Сүүлийн үед бас тэмцээн уралдаан гээд уран бүтээлээ түр завсарлаад байна уу?
-Жүжигчин Э.Алдартай хамт AI гэж продакшн байгуулсан. Продакшн маань кино, тайз, дэлгэц гээд юу л бол юу хийж болно. Өнгөрсөн намар "Тэг цэг үйлдэл" гэж шинэ киногоо хийж, гаргасан. Энэхүү кино маань манай продакшн, найруулагчийн хувьд хамгийн анхны шинжлэх ухаан Hi Fi төрлийн кино болсон. Бид хоёр бусад киночдоо бодвол арай өөр санаатай, өөр түвшинд, гэгээлэг, шинжлэх ухаанч тал руугаа юм хийе гэж бодож байгаа. Бусдаас арай өөр түвшний байя гэж хичээж байгаа. Энэ зун дараагийн уран бүтээл рүүгээ орохоор төлөвлөгөө гаргасан.
-Таныг хамгийн анх олонд таниулж өгсөн дүр тэртээ 2001 онд бүтээгдсэн "Овжин охид" киноны Сампилийн дүр юм болов уу гэж хардаг.
-Тийм. Олонд танигдсан анхны дүр Сампил.
-Тэгэхээр одоо 25 жил болжээ. Сампилийн дүр одоог хүртэл амьдарсаар л байгаа гэж би боддог юм. Таны хувьд Сампилийг илүү мэдэрдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Санмилийн дүр амьдарсаар л байгаа. Би Сампилийн дүрдээ маш их баярладаг. Найруулагч Ж.Биндэр ах минь намайг Сампил нэрээр урлагт оруулж ирсэн. Миний сайн сайхан яваа, уран бүтээлчид дундаа сайхан уран бүтээлээ хийгээд явж байгаа нь манай найруулагч Ж.Биндэр ахын минь том буян гэж би боддог. Яагаад гэхээр намайг ард түмэнд таниулж өгсөн. Урлаг хэмээх том өрхийн босгыг давуулж өгсөн учраас би муу явж болохгүй, муу уран бүтээл хийж болохгүй. Тийм болохоор бүх зүйлдээ хариуцлагатай, тууштай ажиллаад л явж байна.

-Сүүлд нээсэн "Тэг цэг үйлдэл" киноноос өмнөх хэсэг хугацаанд дэлгэцээс жаахан хөндийрсөн юм уу гэж ажиглагдсан?
-Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед би дэлгэцийн уран бүтээлд орохыг хүсээгүй. Мэдээж энэ хугацаанд киноны уран бүтээлийн саналууд ирж байсан. Би өөрөө өөртөө жаахан өөрчлөлт гаргахын тулд дэлгэцийн уран бүтээлд ороогүй. Гэхдээ би уран бүтээлээсээ холдоогүй. Киноны арын албанд зургийн дарга хэмээх ажлаар олон уран бүтээлчидтэй, шинэ залуу үе, алтан үеийнхэнтэйгээ ажилласан. Одоогоос таван жилийн өмнө Ковидын өмнөхөн Нийслэл хүүхэн гэж кинонд тоглоод түүнээс хойш ерөөсөө дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй. Саяхнаас эргээд кинондоо тоглохоор болсон. Тэмцээн уралдаан дуусаад, эхнээсээ киноны саналууд ирж байна. Тэгэхээр би нэгэнт ингэж хүч хөдөлмөр гаргасан юм чинь тодорхой хэмжээнд сайн зохиолтой, сайн кинонд энэ дүр төрхөө оруулбал гоё юм болов уу гэж бодож байгаа.
-Маск продакшнаар овоглож явсан он жилүүд нэлээд урт байх. Тэдэнтэйгээ уран бүтээл хийх үү?
-Маск продакшнд би 18 жил ажилласан. Дахиж Маскийнхаа уран бүтээлд орж амжихгүй байх. Яагаад гэвэл хувийнхаа зүйлийг хийж эхэлсэн, шинэ кино продакшн байгаа учраас Маскийн тайз, дэлгэцийн уран бүтээлд оръё гэсэн санаа одоогоор байхгүй. Алдар бид хоёр дараа дараагийнхаа уран бүтээлийг төлөвлөчихсөн байгаа болохоор амжихгүй байх аа.
-Дэлгэцийн уран бүтээлч, жүжигчдийг харахаар эхлээд кинонд тоглож байгаад яваандаа найруулаад, кино зохиолоо бичээд хувьсаад байх шиг анзаарагддаг. Таны хувьд кино зохиол бичих бодол бий юу?
-Би ёстой кино зохиол бичье, найруулъя гэж боддоггүй. Цаанаасаа найруулах, зохиол бичих авьяас нь байхгүй юм шиг байгаа юм. Киноны санаануудаа бол Алдар бид хоёр ярилцана. Манай Алдар орос хэлтэй. Тэгэхээр өөрөө гоё санаа олох, орчуулах, найруулах гээд ажлаа амжуулна. Миний хувьд найруулах, кино зохиол бичих бодол байдаггүй юм дөө.
-Овжин охид киноноос хойш гээд бодохоор 25 жил тайз дэлгэцийн уран бүтээлд тоглож явсан байна. Таны хувьд үзэгчдийн боловсрол энэ хугацаанд хэр өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?
-Манай үзэгчид маш мундаг. Бид уг нь сайныг сэтгэх гээд л явж байдаг. Цахим ертөнц гэдэг мэдээллийг асар түргэн өгдөг болчихсон. Манай үзэгчид ер нь монгол кинондоо дуртай. Ганц нэгхэн их мэдэгчид байдаг шүү дээ. Би монгол кино үздэггүй гэдэг хүмүүс цөөхөн байдаг. Түүнээс биш монголчууд монгол киногоо үзэх дуртай. Монголчууд өөрсдөө монгол киногоо үзэж байж монголын кино урлаг, кино бүтээгчид цааш өргөжин дэвжиж явна. Манай монгол жүжигчид эхнээсээ гадагшаа гараад эхэллээ. Гадны кинонуудад ажиллаад эхэллээ. Би л гэхэд гадны 2-3 кинонд шалгаруулалт өгсөн гэдэг ч юм уу, кино урлаг маш гоё нээлттэй болж байгаа.
-Цахим орчинд көүч гэх хүмүүс зөндөө болжээ. Ямар сайндаа л хүмүүс тарган хүн турахаараа нэг юмны көүч болоод гараад ирдэг гэх мэтээр элэглэх болсон. Таны хувьд үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Надаас яг тэгж хүн асуусан шүү дээ /инээв/. Би хэзээ ч тийм көүч гэх мэт хийхгүй ээ. Өөрийгөө яая даа гэж байгаа амьтан /инээв/. Арай гэж тэр олон жил цуглуулсан юм аа хаяж байхад. Хоёр жилийн өмнө 99.3 кг байж байгаад 30 кг хаясан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд бэлтгэл хийгээд, барилтаа бариад сая тэмцээнд орохын өмнө 88 кг байсан. Энэ тэмцээнд орохдоо 67 кг болсон гэхээр дахиад 20 гаруй кг хассан байна. Тэр өөх гэдэг амьтан чинь маш хурдан үрждэг амьтан байна лээ /инээв/. Түүнийг л нам дарахын тулд хичээсэн. Ямар нэгэн көүч хийхгүй. Тэр чинь тусдаа маш өөр юм байдаг юм байна лээ.
Хүн хүний сонирхол өөр байгаа биз. Би хэзээ ч өөрийгөө бодибилдингийн тайзан дээр зогсож байна гэж бодож байгаагүй. Эхэндээ явсан болоод л, ирсэн болоод л, стори хийчхээд явдаг байсан. Сүүлдээ амтанд нь орсон. Ер нь би хүний үгийг сайн авдаг хүн юм болов уу л гэж бодсон. Өөр өөрийнхөө зорилгын төлөө явсаар өдий хүрчээ. Ямар ч байсан зорилгынхоо үзүүрээс атгасан юм чинь цаашид хичээсээр л байх болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!