УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
-Өчигдөр танай бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэнэ гэж байсан. Ямар нэг шийдэлд хүрч байр сууриа нэгтгэв үү?
-Бүлгээс нэгдсэн байр суурь гарсангүй. Гишүүдийн байр суурийг сонсож, манай бүлгийн Хуулийн зөвлөхүүд энэ хуулийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээгээ танилцуулаад өндөрлөсөн.
-УИХ хулгайч нарын эсвэл хувийн эрх ашгаасаа өөр юм боддоггүй хүмүүсийн хоргодох байр байж болохгүй-
-Та хувьдаа энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?
-Би нэг л байр суурь илэрхийлдэг. Ёс зүй гэдэг бол эрх зүйт нийгэмд хуулийн дор амьдрахыг хэлж байгаа юм. Ёс суртахуунтай амьдарна гэдэг нь хуульгүй байсан ч гэсэн ёс зүйтэй байхыг хэлж байгаа. Тэгэхээр ёс зүй, ёс суртахуун хоёрыг болон хүнлэг байх, дүрмийн дагуу байхыг хольж ярьсаар байгаад сүүлдээ үг, үйлдэл бүрийг ёс зүй гэж тайлбарлаад, тэрийгээ хуульчлах гээд байна. Миний бодлоор энэ нь боломжгүй зүйл.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн тухайд, мэдээж Хуулийн багийнхан нь боловсруулсан байлгүй дээ. Энэ бол миний харж буйгаар, Үндсэн хуулийн зөрчилтэй хуулийн төсөл. Яагаад гэвэл, Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг жагсаалтын болон жагсаалтын бус гэж ангилаагүй. Мөн Үндсэн хуульд УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох хоёр зүйл бий. Нэг нь тангарагаас няцсан, нөгөөх нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд гэж байгаа. Харин энэ дотор ёс зүйн хариуцлага гэж байхгүй. Бас жагсаалтын гишүүн гэж байхгүй. Тэгэхээр Үндсэн хуульд байхгүй, Үндсэн хуулийн бус заалтууд явж байна. Хэрвээ энэ Ерөнхийлөгчийн хуулийг баталъя гэвэл бид Үндсэн хууль зөрчинө. Мөн энэ хуулийг хэрэгжүүлье гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Тиймээс энэ хуулийг дэмжих боломжгүй. Харин Ерөнхийлөгчийн санал, санаачилгыг дэмжиж байгаа. Мэдээж төрийн өндөр албан тушаалтай хүн бол хуулийг сайн мөрдөж, тогтсон дүрмийг биелүүлдэг байх ёстой. Энэ бол үүрэг.
УИХ бол хулгайч нарын эсвэл хувийн эрх ашгаасаа өөр юм боддоггүй хүмүүсийн хоргодох байр байж болохгүй. Би зарчмын хувьд Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа ч хэрэгжүүлэх арга зам нь энэ биш. Сонгуульд бүгд л нэр дэвшүүлж байгаа. Энэ бол улс төрийн намуудын үүрэг хариуцлага. Дээр нь сонгогчдын өөрсдийнх нь сонголт. Бид ёс зүйгүй гэж үзээд байхад сонгогчид ёс зүйгүй гэж үзэхгүй байвал яах юм.
Жишээлбэл, ний нуугүй үгээ хэлчихдэг, хал палгүй байдагт нь сонгогчид дуртай байвал яах юм. Сонгогчдын хүсээд гаргаад ирсэн хүмүүсийг өөр газраас сонгогдсон хүмүүс “Энэ болохгүй байна” гэж үзэх ямар эрх байгаа юм бэ. Иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчих гэж байна шүү дээ.
Ер нь таван нам, эвслээс бүрдэж буй 126 гишүүнтэй парламент юуг маш ойлгомжтой болгож харуулж байна вэ гэхээр, дараагийн сонгуулиудад улс төрийн намууд нэр дэвшүүлэлт хийхдээ өөрсдөө ёс зүйн хэм, хэмжээний босгоо тавьцгаах хэрэгтэй. Монголын төрөөр битгий тоглоод бай.
Жишээлбэл, би Б.Батбаатар гишүүнд хэлэх гээд байна. Тэдний намын жагсаалтаар буюу сонгогчдын найман хувийн саналаар орж ирсэн гишүүн ёс зүйн асуудал үүсгээд бөөн юм боллоо шүү дээ. Одоо Ёс зүйн хороогоор хэлэлцэнэ гэж байх шиг байна. Тэгэнгүүт өөрсдөө хамтарч байгаад “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хууль санаачлаад явж байгаа. Энэ бол Монголын парламентаар тоглож байгаа үйлдэл. Тиймээс Б.Батбаатар гишүүнд “Монголын парламентаар битгий тоглоод бай” гэж хэлмээр байна. Тэдний намаас сонгогдсон гишүүд өмнө нь ямар хүн байсан одоо яг тэрүүгээрээ л байгаа. Гишүүн болонгуут өөрчлөгдөөд байгаа юм биш. Өөрсдөө саналаараа нэр дэвшүүлж оруулж ирчихээд, одоо “Нийт гишүүдийг эгүүлэн татдаг болъё” гэж дураараа авирлаж болохгүй. Тэгэхээр Монголын төрөөр тоглох эрх Б.Батбаатар байтугайд нь ч байхгүй.
-Энэ хуулиар үг, үзэл бодлоо зоригтой хэлдэг гишүүдийг “дарах” болгоомжлол нийгмийн зарим хэсэгт үүссэн байна. Танд ямар нэг болгоомжлол байна уу?
-Энэ бол улс төрийн зорилгоор ашиглах бүрэн боломжтой хууль. Ёс зүйн зөрчил гаргасан гэж яг юуг хэлэх гээд байгаа юм. Бүрэн тодорхойлох боломжгүй. “Ёс зүйн асуудал үүсгэсэн” гэж хэсэг хүмүүс санал гаргаад, олонхоос бүрдсэн Ёс зүйн хороогоор хэлэлцээд, өөрөөр хэлбэл, цөөнхийг байнга нухчин дарж цөөнхгүй байх, хяналтгүй байх нөхцлийг бий болгох эрсдэлтэй хууль.
Ерөнхийлөгч санаатайгаар ингэж байна уу эсвэл Ерөнхийлөгчийн баг нь “Ёс зүй, сахилгатай байх” санааг нь хууль болгож бичихдээ ингээд биччихсэн үү. Ямар ч байсан одоо өргөн барьсан хуулиас нь харвал, цаашид ямар ч цөөнхгүй, хяналтгүй мөн олонх нь үргэлж даралсан, дээрэлхсэн, хүсээгүйгээ парламентаас шахаж зайлуулах бүрэн боломжтой болох хуулийн төсөл. Парламентын засаглалыг сууриар нь “ганхуулж” байгаа хуулийн төсөл.
-Өнгөрсөн хугацаанд МАН-аас 200 гаруй хүн сайд болж үзсэн байна-
-Н.Учралын Засгийн газар дөнгөж бүрдээд, ажилдаа орж байна. Шинэ ЗГ-т ямар хүлээлт тавьж байгаа вэ. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ дагуу өөрөө багаа бүрдүүлж чадсан эсэхийг та юу гэж харж байгаа вэ?
-Монголчууд бүгд л энэ төр, засаг ажлаа хийгээсэй гэж л хүлээж байгаа. Ажлаа хий гэдэг нь юуг хэлээд байна вэ гэхээр үнийн өсөлтийг яаж хязгаарлах юм бэ, татварын дарамтыг яаж багасгах юм бэ. Хөдөлмөрлөдөг хэсэг нь татварын дарамтад ороод, сөхрөөд ирэхээр ажлын байргүй болж байна. Ажлын байргүй болохоор татвар төлөгчид байхгүй болж байна. Өөрөөр хэлбэл, энэ улсын чинь эргэх холбоо тасарч байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг зогсоож ажлаа хийгээсэй гэж ард түмэн бодож, хүлээж байгаа. Би үүнтэй л адилхан хүлээлттэй байна.
Өнгөрсөн болон түүний өмнөх Засгийн газар шиг сонгуулийн PR хийж, биеэ нөөгөөд байдаг эсвэл баахан биелэгдэшгүй мега төслүүд ярьж, авлига хулгайг тэжээдэг биш иргэд рүүгээ чиглэсэн ажил хийх цаг нь болчихлоо.
Жишээлбэл, иргэдийн татвар, нийгмийн даатгалын асуудлыг сонгууль бүрийн мөрийн хөтөлбөрөөр ярьдаг ч юу ч хийхгүй байсаар байгаад хоёр дахь жил рүүгээ орж байна.
Ардчилсан намын гишүүдийг муу хэлээд л байдаг. Б.Түвшин гишүүн бид хэд нийлж “НДШ-ийн асуудлыг шийдье” гээд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч байхгүй. Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй хамтраад НӨАТ-ыг бууруулъя гээд хуулийн төслийг мэдүүлсэн ч одоог хүртэл байдаггүй. Мөн Ж.Баярмаа нарын гишүүд хамтраад ХХОАТ-ыг буулгах санаачилга гаргаад, тэрийг нь одоо л хэлэлцэх гэж байх жишээтэй. Хоёр жилийн хугацаанд АН-ынхан цөөнх учраас саналаа гаргангуут олонх нь өөрсдөө заавал тэр ажлыг хийх ёстой гэж үзэн, дутуу “гурилдсан” юм оруулж ирээд, тэрийгээ буцааж татаад, энэ хооронд нь олон нийт юу ч хожихгүй цаг хугацаа алдаад, хохироод байж байна л даа. Тэгэхээр олон нийт болон манай АН-ынхан нэг хүсэлтэй байгаа нь “Төр, засаг нь ажлаа хийгээсэй” гэсэн хүлээлттэй байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнийг харахад, яаж хүлээлтэд хүрэх вэ дээ. Ерөнхийдөө, эрх баригчид хүний нөөцөө ч барлаа шүү дээ. Цаашид хэнийгээ ч сайд болгох юм. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй хүн сайд болж үзсэн байна. Бараг хэдэн залуучуудаас нь бусад нь сайд болоод үзчихсэн. Ямар ч дүн тавиад нэмэргүй, хэдэн яам сэлгээд явж байдаг боллоо. Ардын намд ард түмэн дүнгээ тавьж байгаа байлгүй дээ гэж горьдох юм. Тэгэхгүй бол бүхий л цаг үед эрх баригчидтай холбоотой авлига, албан тушаалын гээд итгэл цөхрүүлсэн олон асуудлууд гарах юм. Гэхдээ сонгуулиар Ардын намаа сонгоод гаргаад ирдэг л дээ.
-АН-ынхнаас өргөн барьсан хуулиудыг хэлэлцэхгүй байгаа талаар та дурдлаа. УИХ хууль хэлэлцэх дараалал дээрээ ч гэсэн улстөржиж, ялгаварласан байдлаар хандаад байна уу?
-Ер нь тийм. УИХ-ын даргын эрх мэдэл бол маш өргөн. Нэг талдаа улстөржсөн шийдвэрүүд гарсаар ирсэн, одоо ч гарч байгаа. Зөвхөн хууль өргөн барих, хэлэлцэх дээр биш хууль хэлэлцэх явцад чуулганы нэгдсэн хуралдаан дээр хүртэл улстөржих хандлага нэлээн байдаг. Жишээлбэл, үнэхээр болохгүй унаж байгаа асуудлуудыг “бярдаж” 4, 5 удаа санал хурааж байгаад босгоод ирдэг гэх мэт зарчимгүй үйлдлүүд олон байдаг.
-Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн “УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх” хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж эхэлнэ. Энэ хууль батлагдсан тохиолдолд ямар үр нөлөө гарна гэж тооцож байгаа юм бэ?
-Парламентын спикер буюу УИХ-ын дарга нь эрх баригч намын дарга байгаа үед цөөнхийн үг дуулдахгүй. Үүнийг бид өнгөрсөн парламентаас харж байсан. Одоогийн Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байх үедээ чуулганы хуралдааны явцад Х.Тэмүүжин гишүүн МАН-ыг шүүмжилсэн чинь УИХ-ын даргын индэр дээрээс “Би танаар намаа шүүмжлүүлэхгүй шүү” гэж хэлсэн. Энэ л байхгүй юу. Үг хэлэх төдийд намын дарга нь намаа өмгөөлж хамгаална гэдэг бол хууль боловсруулах, хууль батлах процесст хэрхэн нөлөөлөх нь энгийн логикоор ойлгомжтой. Тийм учраас аль нэг намын дарга байж болохгүй гэсэн зарчмын байр суурь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонгогдох үед л бид асуудал тавьж эхэлсэн. Одоогийн УИХ-ын дарга бол өөрийн амаар “Намаасаа түдгэлзэнэ” гэж амласан.
-Ардчилсан нам ямар нэгдмэл болсон бэ гэдгээ харуулсан-
-Танай намын бүлэг өмнөхөө бодвол хэр “цул” болсон бэ. Бүлгийн даргаа “огцруулах” бичигт гарын үсэг зурж эхэлсэн мэдээлэл гарсан. Та ямар нэг бичигт гарын үсэг зурсан уу?
-Би гарын үсэг зурахгүй. Би бүлгийн дэд дарга учраас бүлгийн дарга болон бүлгийнхээ шийдвэрийг л дагана. Ингэх ч үүрэгтэй. Бүлгийн дэд дарга биш байсан ч энэ намаас сонгогдсон хүний хувьд намын бодлогыг барьж ажиллана. Бид УИХ-д цөөнх байгаа тохиолдолд цөөнхийн үүргээ биелүүлэх ёстой. Энэ нь өөрөө олонх байгаа намд сайн. Монголчуудын амьдралд нөлөөлөхүйц шийдвэрийг зөв болгох сайн үр дагавартай. Сөрөг хүчнийхээ талд ажиллах ёстой гэдэг байр суурьтай байна. Тийм учраас ямар нэг зүйл дээр гарын үсэг зурахгүй. Тийм хөдөлгөөн өрнөсөн үү гэвэл өрнөсөн. Гэхдээ тэр нь нээх хол газар авахгүй. О.Цогтгэрэл дарга маш хатуу байр суурьтай байгаа. Намын болон бүлгийн дарга нь хатуу байр суурьтай, түүнийг нь бүлгийн гишүүд дэмжиж байгаа тохиолдолд бүлгийн шийдвэр нэг цулаараа гарч байна. Өнгөрсөн хугацаанд ялангуяа намрын чуулган завсарлах хүртэл мөн түүнээс хойш энэ Засгийн газар байгуулагдах хүртэл Ардчилсан нам ямар нэгдмэл болсон бэ гэдгээ харуулсан. Цаашдаа ч харуулах болно.
-Энэ долоо хоногт танай намын Их хурал болно. Үүний дараа О.Цогтгэрэл бүлгийн даргаа өгөхөөр яригдаж байна. Танд бүлгийн дарга болох хүсэл байна уу?
-Би ямар нэг юманд хол амбиц илэрхийлэхгүй байгаа. Туйлын нэг зорилготой байгаа нь “Ардын намыг буулгаж авах”. Энэ бол зөвхөн Ардчилсан намын улстөрчдийн хүсэл биш. Бид Ардын намын өнгөрсөн 10 жилийн авлигыг бас системийн гажуудлыг харж байна. Авлигатай холбоогүй нэг ширхэг ч хүн алга. Түүнийгээ хэрхэн хаацайлдаг вэ гэдгийг харж байна. Бүтэлгүйтсэн социализмыг Монголд дахин угсрах гээд байгаа эрмэлзлийг нь харж байна. Энэ систем дотроо өөрсдөө хэрхэн буглаад, задарч байгааг нь харж байна. Задарсныхаа дараа бие биенээ хэрхэн хаацайлж буйг үргэлжлүүлэн харах юм байна. Энэ намыг буулгаж ирэх нь миний туйлын зорилго. Эд нарыг ялагдуулж, Ардчилсан нам ялж, үзэл санаандаа үнэнч хүмүүс нь төрийн эрхийг барьж, монголчуудын нуруун дээр байгаа ачааг авч хаяхгүй л юм бол нар үзэхгүй юм байна. Тийм учраас бид “Багаараа яаж ялах вэ” гэдэг стратегийг зурах ёстой. Бүлгийн дарга болоод яг юу өөрчлөгдөх юм бэ. Өрөө солигдож, нэрийн хуудсан дээр “Бүлгийн дарга” гэж бичнэ. Эцсийн шийдвэрийг бүлгээрээ нийлж л гаргадаг. Тэгэхээр мань мэт бол маш олон амбицаас өөрийгөө татаж, хойш сууж тэвчээр зааж байгаа.
Сая намын дотоод сонгууль боллоо. Би үнэндээ ҮБХ-ндоо ч орж чадаагүй шүү дээ. Дотоод сонгууль биш намын бүлэг хоорондын хүчээ зузаатгах, сууриа өрөх уралдаан болдог. Том том бүлгүүд байдаг учраас мөн намд ороод удаагүй байгаа учраас зарим тохиолдолд “бяр дутаж” байна. Түүнээс биш манай дүүргийн АН-ынхан намайг өргөж явж байгаад ийшээ оруулж ирсэн. Цаашдаа ч дэмжинэ, одоо ч дэмжиж байгаа.
Мөн нийслэлийн намын даргад өрсөлдөхийг дүрмээр хаасан. Ингээд манай нийслэлийн намын дарга өрсөлдөгчгүйгээр 97 хувийн саналаар сонгогдож байна. Дүрэм бол дүрэм. Тийм учраас би юм ярихгүй байгаа. Хэдхэн сарын өмнө би боломжтой байсан ч шинэ дүрмээр боломжгүй болсон. Та бүхэн санаж байгаа бол би хоёр жилийн өмнө УИХ-ын сонгууль дуусаад л “Би нийслэлийн намын дарга болмоор байна” гэдэг санаагаа илэрхийлж байсан.
-Нийслэлийн намын даргад өрсөлдөх таны боломжийг дүрмийн ямар заалт хаасан юм бэ?
-“ҮБХ-ны гишүүнээр дөрвөн жил ажилласан байх ёстой” гэдэг шаардлага оруулчихсан.
-Б.Ган-Очир бол арван Х.Нямбаатартай тэнцэнэ-
-Нийслэлийн АН-ын даргаар Б.Ган-Очир сонгогдлоо. Түүнд ямар хүлээлт бас шаардлага тавих вэ?
-Б.Ган-Очир бол арван Х.Нямбаатартай тэнцэнэ.
-Юугаар тэнцэнэ гэж?
-Боловсрол, мэдлэг гээд бүх юмаараа тэнцэнэ.
-Хэтэрхий дураараа, эрх мэдэл дийлсэн нийслэлийг “Вант улс” ч гэж нэрлээд байгаа. Үүний эсрэг ажиллаж чадах юм уу. 2028 онд одоо байгаа 5 төлөөлөгчтэй амжилтаа дээшлүүлж чадах уу?
-2028 оны сонгуулиар нийслэлийн Ардчилсан намын хороо ялалт байгуулахын тулд Х.Нямбаатартай зодолдоно гэдэг бол дэндүү жижигдэнэ. Өөрсдийн гэсэн үзэл бодол, үзэл баримтлалтай нам байхгүй юу. Энэ зүг рүүгээ л явна. Х.Нямбаатар бол өөрийнхөө хийж буй ажлаараа өөртэйгөө байлдаад эхэлсэн. Тэрийгээ өөрөө ч сайн ойлгож байгаа. Яагаад гэвэл Х.Нямбаатарт өмнөх үеэл нь Ерөнхий сайд байхдаа хотод асар их эрх мэдлийг төсвийн эрхтэй нь өгчихсөн. Энэ их эрх мэдэл, мөнгөөр зүгээр л нэг асфальтан түрхлэг хоёр удаа түрхээд, хэдэн бродюрийг солиод, ийш тийшээ зам татаад байна. Үүнийг ямар ч тэнэг хүн чадна.
Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэлийг хөгжүүлье гэсэн концепц, бодлого Х.Нямбаатараас ерөөсөө гараагүй байна шүү дээ. Хэн гарсан гэх юм бэ.
Яг нийслэлийн иргэд биш хэдэн Хэсгийн ахлагч нар Х.Нямбаатарыг “Ажилсаг” гэж ярьж байгаа. Энэ их мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн энэ зэргийн юмыг хийлгүй яах вэ дээ. Нэг барилгыг нурааж хаяад, нийслэл нь өөрсдөө компани байгуулж орон сууц барихыг ямар ч мангар нь хийгээд л байна. Энэ бол баталгаатай шүү. Яаж энэ нийслэлийн эдийн засгийг сайжруулах юм, иргэдийн амьдрах орчныг сайжруулах юм гэдэг чинь бодлого байхгүй юу. Тийм юмгүйгээр зүгээр л “За, энд зам тавьчихъя, энийг хуулаад хаячихъя” гээд ажлын хувцас өмсөөд лайвдаад явахыг ямар ч хүн чадна. Олон ажил дээр нь Х.Нямбаатар бид хоёр зарчмын байр суурь зөрдөг. Хууль зүйн сайд байхаас нь эхлээд л хавар, намартаа бид хоёр байнга зөрж байдаг.
Х.Нямбаатарын зүгээс гүтгээд байдаг юм. Би бол хэнийг ч доромжилдоггүй, гүтгэдэггүй. Шийдлүүдийг дандаа санал болгож хэлж байдаг. Даанч манай хүн сонсохгүй, хүн үг хэлэхээр өөдөөс доромжлоод яваад байдаг. Тэрийгээ одоо ойлгож байгаа байх. Энэ нь юу гэж байгаа вэ гэхээр Х.Нямбаатар өөрт байгаа эрх мэдэл, мөнгөөр өөрийнхөө эсрэг өөрийгөө аль хэдийнэ зодоод эхэлчихсэн. Тэр Туулын хурдны замын тендерт шалгарсан компани нь явж явж монгол эзэнтэй юм биш үү дээ. Эзэн нь хуучин Ерөнхий сайдын худ эд нар руу чиглээд байгаа юм биш үү. Би сошиалаас ийм мэдээллүүд олж харсан. Яаж энэ төсвийг, гадаад зээлээр орж ирж байгаа мөнгийг хувааж авч идэх үү, хувааж авсан мөнгөөрөө яаж эрх мэдлээ удаан барих вэ гэдэг уралдааныг нь зайлшгүй зогсоох шаардлагатай. Х.Нямбаатар өөрийгөө “дэгээ ороох” юмаа өөрөө хийсэн. Тийм учраас манай нийслэлийн намын хорооны дарга бол ардчилсан хотыг яаж ардчилалтай, амьдрах орчин сайтай болгох вэ гэдэг бодлогоо боловсруулаад, танилцуулаад явна. Түүнээс биш одоогийн Хотын даргатай “заамдалцаад” байх нь итгэл үнэмшилтэй, мэдлэг, боловсролтой залууст жижигдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!