FIFA World Cup 2026: Дэлхийн аваргын тэмцээнд намирах анхны төрийн далбаанууд

Ангилал
Спорт
Огноо
Унших
6 минут 37 секунд

Хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ энэ оны 6,7 дугаар саруудад Мексик, АНУ, Канад улсуудад болно. Дэлхийн талаас илүү нь үзэж сонирхдог спортын ДАШТ-д 48 орон оролцохоор албан ёсоор баталгаажаад байна. 2017 оны 1-р сарын 10-нд тухайн үеийн Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино оролцогчдын тоог 48 болгох шийдвэр гаргаж энэ удаагийн ДАШТ-д шинэ форматыг нэвтрүүлж байна. Аргентины шигшээ аваргаа хамгаалахын төлөө, Франц өмнөх дутуугаа гүйцээх гэж, Европ тивийн улсууд дахин ноёрхох хүслийн төлөө, Өмнөд Америк тивийн багууд нэр хүндээ сэргээхийн төлөө, Азийн улсууд чанга өрсөлдөгч гэдгээ харуулах гэж дэлхийн аваргыг зорьж байна.

Харин цөөн хэдэн улс түүхэндээ анх удаа ДАШТ-ийг зорьж өөрийн улсын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Бидний танил биш жижигхэн улс мэтээр үнэлэгдэж байсан орнууд өөрсдийн зорилгодоо хүрч, хөлбөмбөгийн ертөнцөд өөрсдийн түүхийг бичиж байна. Кабо Верде, Йордан, Кюрасао, Узбекистан улсын хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид 23 дахь удаагийн ДАШТ-д эх орныхоо тамирчдыг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийг харах түүхэн үйл явдлыг гэрч болох нь.

Кабо Верде улс

1975 онд Португали улсаас салж тусгаар тогтнолоо зарлаж байсан. Баруун Африк болон Атлантын далайн дунд орших арлын улс. Хүн амын тоо 525,000. Улсын нийслэл Прая хот. Африкийн хамгийн тогтвортой ардчилсан улсуудын нэгд тооцогддог. Байгалийн баялаг багатай аялал жуулчлал, загас агнуурын үйлчилгээ эдийн засгийн гол салбар нь болдог.

Хөл бөмбөгийн шигшээ багийн гол тамирчид нь Португали, Франц, Нидерланд зэрэг улсад төрж өссөн тоглогчид байдаг. Африкийн сонгон шалгаруулалтын шийдвэрлэх тоглолтод Эсватини улсыг 3:0 харьцаатайгаар хожиж хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулсан. Тухайн өдөр улсын эрх баригчдын зүгээс хагас амралтын өдөр болгож иргэддээ тоглолт үзэх боломжийг өгсөн ба бүх билет зарагдаж дууссан. Баг нь хожил байгуулсны дараа хотын төв талбайд олон хүнийг хамарсан баярын үйл ажиллагаа болж шөнөжин тэмдэглэсэн гэдэг. ДАШТ-д оролцож байгаа хамгийн жижиг газар нутагтай улс. Испани, Уругвай, Саудын Араб улсуудтай H хэсэгт багтсан.

Йордан улс

Йордан голын зүүн эрэгт орших Арабын улс бөгөөд Сири, Ирак, Саудын Араб, Израйл улсуудтай хиллэдэг. 11.5 сая хүн амтай аялал жуулчлал хөгжиж байгаа орнуудын нэг. Байгалийн баялаг тэр дундаа фосфат, кали олборлолт нь эдийн засагт чухал үүргийг гүйцэтгэдэг. Йорданы хөл бөмбөгийн шигшээ баг 2023 оны Азийн аваргад гайхалтай тоглолт үзүүлж, Ирак улсыг 3:2 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан.

Харин финалын шатанд Катарт 3:1 харьцаатайгаар хожигдож байсан. Гэсэн хэдий ч хөл бөмбөгийн спорт хөгжиж байгаа хүчирхэг орон гэдгээ Азийн түвшинд харуулж чадсан. Өнгөрсөн жил Оманыг 3:0 харьцаатайгаар буулган авч хэсгээсээ хоёроор гарч ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулж байсан. Аргентин, Алжир, Австри улсуудтай тэмцээний J хэсэгт багтаад байгаа.

Кюрасао улс

Карибын тэнгисийн арал дээр орших улс. Аялал жуулчлал, газрын тосны боловсруулах үйлдвэр, олон улсын санхүүгийн үйлчилгээ, боомтын үйл ажиллагаа нь эдийн засгийн гол салбарууд. Наран шарлагын газрууд, усанд шумбалтын аялал жуулчлалаар алдартай. ДАШТ-д оролцож байгаа хамгийн цөөн хүн амтай улс. 156 мянган хүн амтай.

Кюрасао улс ДАШТ-д оролцох эрхийн төлөө Хойд ба Төв Америк болон, Карибын тэнгисийн орнуудын сонгон шалгаруулалтын B хэсэгт багтсан. Хэсгийн хамгийн чухал тоглолтоо Ямайка улсын эсрэг хийж 0:0 харьцаатайгаар тоглолт өндөрлөснөөр ДАШТ-ийг зорих тийзээ авсан. Тэд B хэсгийг 7 хожил, 3 тэнцээ гэсэн амжилттайгаар дуусгасан. Герман, Кот-д’Ивуар, Эквадор улсуудтай тэмцээний E хэсэгт багтсан.

Узбекистан улс

Бүгд Найрамдах Узбекистан улс нь 38 сая хүн амтай. 447 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай далайд гарцгүй эх газрын орон. Хөвөн, алт, зэс, уран, шатдаг хий гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг экспортолдог. ДАШТ-д оролцож байгаа Төв Азийн анхны улс. Хэсгийн 10 тоглолтоо 6 хожил, 3 тэнцээ, 1 хожигдолтой дуусгаж нийт 21 оноотойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарч ДАШТ-ийг зорих эрхээ авсан. Хэсгийн хамгийн чухал тоглолтоо АНЭУ-ын эсрэг хийж оноо алдалгүйгээр 0:0 харьцаатайгаар дуусгаж чадсан.

Төрийн удирдлагуудын зүгээс АНЭУ-ын эсрэг хийсэн тоглолтыг үзэх боломжийг ард иргэддээ олгож хагас амралтын өдөр болгон зарласан. Улмаар Узбекистан хэсгийн оноогоо баталгаажуулж албан ёсоор ДАШТ-д оролцох эрхээ авсан. Үүний дараа Узбекистаны бүх хотууд тэр дундаа Ташкент хотод олон мянган хүнийг хамарсан баярын парад болсон. Иргэд нь “Uzbekistan World Cup”, “Бидний түүхэн өдөр” зэрэг уриа лоозон барьж, улсын далбаагаа барин шигшээ багийн өмсгөлөө өмсөж тэмдэглэсэн байдаг. АНЭУ-ын эсрэг хийсэн тус тоглолтыг үндэсний телевизүүд бүгд дамжуулсан ба хамгийн олон үзэлтийн рекордыг тогтоож байжээ. Колумб, Португали, Конго улсуудтай К хэсэгт багтсан.

Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
Согтуурсан үедээ бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулжээ
 
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!