
Олон хүүхнүүд цуглаад онцолж нэг зүйл дээр санаа нэгддэг нь турах тухай яриа. Хоол идэж байхдаа ч турах тухай бодож байдаг онцгой хүмүүс шүү дээ. "Яана аа, энийг идчихвэл таргалах байх даа, үүнийг идчихвэл нэмчих байхдаа" гэсэн ч идэж л байдаг.
Хаа нэг жингийн тухай санаа зовох нь байтугай ярьж үзээгүй ганц нэг бүсгүй байна, байна. Хоолонд цуг орохоор "Гурил идэж болохгүй л дээ, гэхдээ яах вэ ганц удаа идчихье", "Үүнийг идчихвэл арай гэж хассан жин минь буцаад байрандаа оччих байх даа", "Энийг л идчихээд орой очоод юм идэхгүй, шууд унтана" гэх мэтийг нь сонсоод нөгөө жингийн илүүдэлгүй нь "Ингэж зовж идэж байхаар идэхгүй байсан нь дээр шүү дээ. Ер нь зүгээр юу ч бодохгүй идчихвэл бие сэтгэл чинь сонсохгүй, таргалахгүй" гэж үг хаяна.
Ус уусан ч таргалаад, уулга алдсан ч таргалаад, шүлсээ залгисан ч таргалаад, шүүрс алдсан ч таргалаад гээд л сүүл толгой холбож ирээд, сүрхий тарга авдаг эгч "Энэ хоолыг идчихээд орой очоод юм идэхгүй. Жаахан тараг уугаад унтана" гэхтэй зэрэгцээд нэг нь "Сүү, сүүн бүтээгдэхүүн болохгүй ээ, эгчээ. Жин барьчихдаг гэсэн шүү. Ус ихтэй жимс шийгуа, усан үзэм, алим идсэн нь" дээр гээд л зөвлөнө. Бас хажуугаас нэг нь чихэрлэг ихтэй жимс дэмий ногоон алим, авакода энэ тэр зүгээр шүү гэж нэмнэ.
Уг нь би сар гаруй жимд явлаа. Турж байгаа нь мэдэгдэж байна уу гээд л нэг нь ороод ирнэ. Чи яг дасгал хийсэн үү, хийгээгүй юм биш үү гэж атаархуу нэг нь шордоно. Эхэндээ ч багш нь олигтой юм заахгүй зураг дарахаас өөрийг хийдэггүй байлаа. Хувийн багш авчихвал амар юм байна лээ. Одоо зөв хийгээд эхэлсэн удахгүй турах байх аа гэсээр үгийг нь хариулна.
Хүүе ээ, чи чинь ямар гоё турчихаа вэ гэж илт турсан нэгнээ гайхахтай зэрэгцэн "Өндөгний дэглэм нэг сар барьсан. Турсан байгаа биз дээ" гэж эргэлдэж ирээд л гайхуулна. Хавар ч дэглэм дэмий дээ гэж хассан нэгэндээ атаархсан нь хялам хийнгээ үг хэлнэ.
Би орой болгон гүйж байгаа л даа. Оройдоо гүйж амжихгүй бол өглөө гүйнэ, өглөө гүйж амжихгүй бол орой нь гүйж байгаа. Зөв хооллоод сар туршаад үзье хэр мэдэгдэх нь үү гэж байнгын туршилт өөр дээрээ хэрэгжүүлдэг нэг нь орж ирнэ. "За яршиг өө, турах гэж ингэтлээ зовдог та нарыг бурхан ивээг" гэж таргалах гэж зовдоггүй нэг нь үгүйсгэнэ.
Бүсгүйчүүд бидний зорилго нэг л зүгт. Туранхай бүсгүй сайхан гэх үзэл суртлын ялгавраа өнөө үед ер нь ашиглахгүй байвал яасан юм бэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!