NBA шинэ багтай болох шийдвэр бодит хөрсөн дээр буух уу

Ангилал
Спорт
Огноо
Унших
10 минут 16 секунд

NBA-д шинэ баг нэмэх асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдсан. Харин энэ яриа бодит биеллээ олоход нэг алхмаар урагшилж энэ сарын сүүлчээр болох лигийн удирдах зөвлөлийн хурлаар баг нэмэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. NBA хамгийн сүүлд 2004 онд “Charlotte Bobcats” буюу одоогийн “Charlotte Hornets” багийг шинээр байгуулж байсан. Тухайн үед NBA-ын орлого 3.5-4 тэрбум долларын ашигтай байсан бол өнөөдөр энэ орлогын хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Хэрвээ лиг шинэ багтай болбол хаана байгуулах, төсөв, шинэ багийн эзэн хэн байх, хэзээнээс тоглож эхлэх гээд олон асуултыг араасаа дагуулж байна. Нэг зүйл ойлгомжтой байгаа нь шинэ баг байгуулагдвал энэ спортын нэр хүнд дэлхийн дахинд улам өснө.

30 багийн эзэд шинэ баг байгуулах эсэхийг шийднэ

Шинэ баг байгуулах эцсийн шийдвэр удирдах зөвлөлийн хурлаар гарна. Харин энэ хурал ирэх долоо хоногт Нью Йорк хотноо болох тов гарсан. NBA лигийн удирдах зөвлөлийг 30 багийн эзэд эсвэл эзэмшигчийн томилсон төлөөлөгч бүрдүүлдэг. Нэг ёсондоо одоо байгаа баг бүрийн нэг төлөөлөгч нэг саналын эрхтэй хуралд оролцдог. Харин NBA комиссар А.Силвер зөвлөлийн хурлыг удирдах, санал дэвшүүлэх үүрэгтэй оролцоно. Зарим аналистууд шинэ багтай болох асуудлыг олонх нь дэмжихгүй гэдэг өнцгийг гаргасан. Мэдээж энэ байж болох хувилбар. Шалтгаан нь шинэ баг байгуулагдвал лигийн нийт орлого 32 багт хуваагдана. Тэгэхээр багийн эзэд өөрсдийн орлогоос бусадтай хуваалцахгүй гэх шийдвэрийг бүрэн гаргах боломжтой. NBA лигийн жилийн нийт орлого 10 тэрбум долларыг давна. Ойролцоогоор нэг багт 330 сая доллар очдог. Хэрвээ 32 баг болбол энэ мөнгөн дүн хамгийн багадаа 20 саяар буурна. Юутай ч зөвлөлийн 70 хувиас дээш буюу 30 багийн төлөөллөөс 23-н хүн зөвшөөрвөл шинэ багийн асуудал албан ёсоор баталгаажна гэсэн үг. Шинэ багийн асуудал сүүлийн хэдэн жил багагүй яригдсан. Тэгэхээр энэ асуудал дээр эдийн засгийн тооцоолол, хөрөнгө оруулалт гээд олон талаас судалж үзээд удирдах зөвлөлийн хурлаар оруулж байгаа нь тодорхой. Хоёр баг нэмэгдэхээр бол 2028-2029 оны улиралд хөшгөө нээх боломжтой гэж гэх мэдээлэл гарсан.

Сиэтл, Лас Вегас шинэ багтай болох боломж хамгийн өндөр

Шинэ багтай болох шуумаар байж болох хамгийн боломжит газруудад Сиэтл болон Лас Вегас хотууд нэрлэгдсэн. Зах зээл болоод, спортын уламжлал, хөгжөөн дэмжигч, маркетинг гээд бүх зүйлс энэ хотуудад байгаа.

Сиэтл хотын хувьд 1967 онд "Seattle SuperSonics" багийг байгуулж байсан түүхтэй. Тус баг NBA-ын түүхэнд нэр хүндтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй баг байсан. 1978 онд финалдаж, 1979 онд аваргын цомыг өргөсөн. 1996 онд домогт тоглогч М.Жорданы эсрэг финалдаж байсан түүхтэй. Гэвч 2007 онд баг зарагдаж Оклахомад ирж бидний мэдэх "Oklahoma City Thunder" баг байгуулагдсан. Сиэтл хот дахин шинэ багтай болох нь сагсан бөмбөг сонирхогчдын хувьд хүлээж байсан сайн мэдээ гэдэг нь лавтай. Энэ яриатай зэрэгцэн К.Дурант буцаж багтаа ирэхүү гэдэг яриа яваад эхэлсэн. NBA супер од К.Дурант 2007 онд тус багт драфтлагдаж байсан. Шинэ баг 2028-2029 оны улиралд лигт ирэх боломжтой гэдэг тооцоолол гарсан. Харин К.Дурант 2028 онд гэрээ нь дуусаж, хаашаа явахаа шийднэ. Хэрвээ энэ бүх давхцал бодит болбол тухайн шинэ багийн тоглолт үндэсний сувгуудаар гарах тоо багагүй нэмэгдэж, тв-ээс олох ашиг багагүй мөнгөн дүнгээр яригдана. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд "Seattle SuperSonics" багт тоглож байсан Гэри Пэйтоны хүү аавынхаа багт очиж тоглохын тулд бүх зүйлийг хийнэ гэдгээ мэдэгдээд амжсан. Түүний хүү одоогоор “Golden State Warriors” багт тоглож байгаа юм.

Лас Вегас бол эдийн засгийн олон эх үүсвэртэй, жилдээ 40 сая жуулчин хүлээж авдаг казино, шоу, эвентүүд болдог энтертайнмент хот. Сагсан бөмбөгийн албан ёсны баг байхгүй ч NBA-ын зуны лигийн тоглолтууд энэ хотод болдог. NBA зах зээлээ тэлэх боломжтой хамгийн зөв сонголт энэ байх. Энд хотод бүх зүйл байгаа гэхэд болно.

Хамгийн эхний жишээг дурдахад энэ хотод 2016 онд баригдсан “Т-Mobile Arena” байдаг. Энэ ордонд урлаг, хоккейн тоглолт, UFC болон боксын том тулаанууд болдог. Сагсан бөмбөгийн талбайдаа 17 мянган үзэгчийг хүлээн авах хүчин чадалтай ордон.

Леброн Жэймс багийн эзний дүрээр NBA-д буцаж ирэх үү

Лас Вегас хотод шинэ баг байгуулах сургаар олон хүн шинэ багийн эзнээр яригдаж байна. Тэр дунд Леброн Жэймс илүү их яригдаж байгаа. Түүний хувьд NBA-д шинэ багтай болох хүсэлтэй тэр баг нь Лас Вегаст байх ёстой гэж хэлж байсан. Түүний хувьд ирэх улирал тоглогчийн хувиар NBA-д өнгөрүүлэх сүүлчийн улирал байх магадлал өндөр.

Харин зодог тайлсны дараа багийн эзэн болох эрх нээгдэнэ. Мэдээж Леброн бүх цаг үеийн түүхэнд яригдах хамгийн шилдэг тоглогчоос гадна бизнесийн олон салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Карьер нь үргэлжлэх хугацаанд нэг тэрбум долларын хөрөнгөтэй болсон NBA-ын анхны тамирчин. Түүнд шинэ баг босгоход хөрөнгө оруулалт тийм ч төвөгтэй асуудал биш. Олон тэрбумтнууд, NBA одууд түүнтэй хамтрах талаар яригдана. Шинэ багийн эхлэлийг Л.Жэймс удирдаад эхэлбэл хамгийн сайн маркетинг болно. Түүний босгосон баг магадгүй хамгийн хүчтэй өрсөлдөгч байж болно. Шинэ баг байгуулах асуудал албан ёсоор баталгаажвал энэ яриа улам эрчийг авах байх.

Шинэ багийн үнэлгээ 7-10 тэрбум долларын хэмжээнд яригдаж байна

Хөрөнгө оруулагчид, бизнесменүүд спорт гэхээс илүү эдийн засгийн үр өгөөжийг харж байгаа. Тэгж харах нь ч ойлгомжтой байх. Учир нь энэ лигийн орлого жил бүр өссөөр байгаа. NBA 2010-2011 оны улиралд 3.8 тэрбумын орлого олж байв. Харин энэ улиралд 13-14 тэрбум долларын орлого олох төлөвтэй байна. Тэр ч утгаараа шинэ багийн үнэлгээ лигийн дунджаас өндөр буюу 7-10 тэрбум доллароор хэмжигдэж байна.

Шинэ багийн үнэлгээ жил бүр өсөх нь гарцаагүй. Телевизийн гэрээ, стрийминг платформын эрхүүд, тасалбар, зар сурталчилгаа гээд олон сувгаар мөнгө босгоно. Зөвхөн медиа салбараас жилдээ 150-250 сая доллар олох боломжтой. Тэгвэл багуудын үнэлгээ хэрхэн өссөнийг харъя. “Golden State Warriors” баг 2016 онд 1.9 тэрбум долларын үнэлгээтэй байсан. 10 жилийн хугацаанд зургаа дахин өсөж энэ улиралд 11 тэрбум долларт хүрсэн. Үүнд мэдээж багийн амжилт, спонсор, шинэ ордон, хөгжөөн дэмжигчдийн тоон өсөлт, телевизийн рейтинг гээд олон зүйлс нөлөөлсөн.

Багийн амжилтаас гадна зөвхөн нэг тоглогч багийн үнэлгээнд нөлөөлдөг. “Cleveland Cavaliers” 2014 онд 515 сая ам.доллароор үнэлэгдэх баг байв. Харин Л.Жэймс буцан ирж 2016 онд аваргын цомыг өргөсний дараа 2018 онд тус багийн үнэлгээ 1.3 тэрбум ам.долларт хүрч байв. Тэгэхээр багийн супер од тоглогч шууд мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр 7-10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн ч таны орлого хэдэн жилийн дараа өсөх нь тодорхой. Үүнийг харсан хөрөнгө оруулагчид шинэ багтай болох тэмцэлд багагүй өрсөлдөөнийг үзүүлэх байх.

Эцсийн шийдвэр гарсны дараа олон зүйлс яригдана

Хэрвээ энэ асуудал удирдах зөвлөлөөр дэмжигдвэл түүний араас олон асуудлууд яригдана. Телевизүүдийн гэрээ, драфтын сонголтууд, багуудын цалингийн хэмжээ, бүсийн хуваарилалт гээд олон шийдэх асуудлууд гарна. NBA шинэ багтай бололгүй 20 гаруй жил болсон. Цаг хугацаа болон эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой шийдвэр болох байх. Ямар шийдвэр гарахыг хүлээх л үлдлээ.

Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
Ж.Золжаргал: Би сайд болно гэсэн санал аваагүй
 
“The Mongolz”  хэсгийн эхний тоглолтоо  “MOUZ” багийн эсрэг хийнэ
“The Mongolz” хэсгийн эхний тоглолтоо  “MOUZ” багийн эсрэг хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!