
Хүүхэд бидний тусгал. Бид хүүхдүүдээ яаж хүмүүжүүлээд байна гэдгийг өөрсдөөсөө асуух цаг нэгэнт иржээ. Саяхан цахим сүлжээнд цацагдсан ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид нэгэнтэйгээ зүй бус харьцаж, зодож, улмаар хүчиндсэн ч байж болох нөхцөл байдалтай байгааг олон нийтийн цахим сүлжээгээр шүүмжилсээр байна. Угтаа бол өсвөр насныхны дунд нэгнээ дээрэлхэх явдал огтоосоо ч байж болохгүй. Энэ нь гэр бүлийн хүмүүжилтэй шууд холбоотой.
Эцэг эх, гэр бүлийнхэн хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?
Гэр бүлийн хүчирхийлэл дунд өсөж байгаа хүүхэд ирээдүйд хүчирхийлэгч болдог гэдгийг олон судалгаа, баримт, сэтгэл зүйчдийн дүгнэлтээр хэлж болно. Нөгөө талаар хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөх нь өөрөө хүнээс айх, ичих, сэтгэл зовних, бусдыг хүндлэх, өрөвдөх, хайрлах, хүссэн зүйлээ авч чадахгүй бол яаж шархалдаг, эргээд түүнийгээ авахын тулд яаж тэмцэж болдог зэрэг хүний наад захын мэдрэмж, хүн ёсны хүмүүжлээс улам холдуулаад байна уу. Та хүүхдээ хайрлаад байна уу, хэн ч биш болгоод байна уу гэдгийг тунгаан бодож үзээрэй.
Чингисийн одонт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл нэгэнтэй "Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болсон" хэмээн илтгэл /Монголчуудын ёс суртахууны үнэт зүйл/ тавьж байсныг дахин сануулах цаг нэгэнтээ болжээ. Хүнээс заяагдмал байх ёстой ёс зүй, ёс суртахуун өнөөгийн бидний нийгэмд хаана байна вэ. Эцэг эхчүүд хүүхдээ олсон цагаас ураг байхаас нь хүмүүжүүлдэг байсан тухай түүний илтгэлд тодорхой дурдсан байдаг.
Харин бид хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой насанд хүрсэн хүний хувьд тэдэнд зөв зүйлийг зааж сургаж чадаж байгаа юу. Бидний уламжлалт хүүхэд хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг ураг байх цагаас үлгэр домог унших, уртын дуу сонсох, урлаг хөгжмөөр хүмүүжүүлэх, төрсөн цагаас орой бүр ном уншуулж унтуулах гээд олон аргыг нэрлэж болно. Мөн хүн нигүүлсэнгүй байхад шашны үүрэг оролцоо ч асар их. Гэтэл манайд л бас буруу тийш эргэж, буруу зүйл хийсэн үедээ мөнгө барьж очоод ганц нэг ном бичүүлдэг байгууллага болжээ.
Та хүүхдээ хэр анзаардаг вэ. Ямар үйлдэл гаргаж байна. Ямар үг ашиглаж байна. Юуг олон дахин давтан хэлж байна. Ямар үйлдлийг дадал болгосон байна гээд анзаарч байсан үе бий юу. Ялангуяа өсвөр насныхан. Тэд үнэхээр сургууль анги хамт олондоо зүй бусаар харьцаж байгаа бол тэдгээр үгсээ байнга хэрэглэдэг байх магадлалтайг ч сэтгэл судлаачид хэлдэг.
Үүрэг нэхсэн хариуцлагагүй нийгмийг бүтээхгүйн төлөө хүүхдийнхээ хүмүүжилд яг одооноос хатуу анхаарах цаг нь нэгэнт болсныг нийгмийн сүлжээнээс хангалттай харж байгаа байх. Инстаграммынхаа дагагчийг өсгөхийн тулд тэрхүү бичлэгийг тавьсан гэж мэдүүлж суугаа хүүхэд ирээдүйд аав бас ээж болно. Тэдний хүүхдүүд харин ямар хүн болж өсөх бол. Тэр хүүхдүүд нь та бидний хүүхдүүдтэй хамт өснө, хамт сурна, хамт нэг нийгмийг бүтээнэ гээд та бодоод үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!