
2026 оны "Оюутан цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалт явуулах талаар БХЯ-наас мэдээлэл хийлээ. "Оюутан цэрэг" хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн жил цэргийн бэлтгэл олгох журамд өөрчлөлт оруулж 1, 2, 3 дугаар курсийн оюутнуудыг элсүүлдэг болсон. Энэ жил шинэчилсэн журмын дагуу 2026 оны гуравдугаар сарын 1-10-ны өдрүүдэд E-Mongolia системээр хийхээр бэлтгэл ажил хийгээд байна.
Цэргийн мэргэжил олгох сургалтын талаар Ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав мэдээлэв.
"Оюутан цэрэг" хөтөлбөр 11 дэх жилдээ хэрэгжиж байна. 10 мянга гаруй залуус "Оюутан цэрэг"-ийн сургалтад хамрагдан цэргийн алба хааснаар тооцон нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдээд явж байна. Энэ жилийн сургалтын үйл ажиллагаа хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, цэргийн алба хаах хугацаанд 13 мэргэжлээс сонгон эзэмшинэ. Өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлан цэргийн бага мэргэжил эзэмших боломжтой. Жишээ нь, холбооны ангид сурч байсан бол холбооны бага мэргэжил, анагаахын чиглэлээр сурч байгаа бол анагаахын ариун цэврийн зааварлагч, инженерийн ангид сурч байгаа бол тооцоочин гэх мэтээр өөрийн сурч байсан мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага мэргэжил эзэмших боломжтой. Хоёрдугаарт, өөрийн үндсэн захиргаагаар алба хаах боломжийг олгож байгаа. Өвөрхангайн харьяат оюутан Өвөрхангайн цэргийн ангид, Өмнөговийн оюутан Өмнөговьд байх цэргийн ангид албаа хаах боломжтой.
Элсэх оюутнууд магадлан итгэмжлэгдсэн дээд сургуулийн 1, 2, 3 дугаар курсийн оюутан байх, энэ оны зургаадугаар сарын 15-нд 18 нас хүрсэн байна. 2.8-аас дээш голчтой оюутнуудыг E-Mongolia системээр бүртгэнэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!