Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 13 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцлээ. "Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэлээ.

Мөн тэрбээр "Тиймээс уг газар олгосон шийдвэрүүдийг буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн сүүлийн хуралдааны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар гаргаж байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна" гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна. Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.

Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцрохоосоо 4 хоногийн өмнө хууль зөрчиж, улсын хилийн зурваст 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргажээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!