ЦААСАН ДЭЭР ҮЛДСЭН ХОТУУД: Майдар, Хүннү, Хархорум, Хөшгийн хөндийн чөлөөт бүс...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 10 секунд

1.6 сая хүн оршин сууж буй Улаанбаатар хот. Түгжрэлтэй, утаатай, хааяа хааяадаа тог тасарчихдагийг эс тооцвол бидэнд байгаа ганц ХОТ нь. Хэдий шинээр хот байгуулж, хүн амын хэт төвлөрлийг бууруулна гэж үеийн үед ярьсаар ирсэн боловч начир дээрээ өнөөдөр хэрэгжсэн нэг ч төсөл, боссон нэг ч хот алга. Ёстой л нөгөө сэтгэл нь сайхан юм даа гэгчийн үлгэр болоод дуусаж байна. Тиймдээ ч цаасан дээр босгосон хэдэн хотууд руугаа их сургуулиуд, төр захиргааны байгууллагуудаа хэдэнтээ "нүүлгэлээ" шүү дээ. Тэгвэл өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төр хэчнээн хот цаасан дээр байгуулж, ард иргэддээ молиго модон чихэр өмхүүлсэн талаар энд сануулъя.

-2030 он гэхэд 100 мянган оршин суугч хүлээн авах МАЙДАР ХОТ-

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 он. Гурван малчин айлын өвөлжөөнөөс өөрөөр газар олголт ч хийгдээгүй газар дээр тухайн үед Барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга аялал жуулчлалын цогцолбор төвтэй "Майдар хот"-ыг байгуулах санаачилгыг гаргасан байдаг. Түүний санаачилгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж ч дэмжиж, төслийг ивээлдээ хүртэл авч байжээ. Үүнээс хойш хот барих сургаар маш олон иргэд тухайн нутаг дэвсгэрт газар авсан гэдэг. Арга ч үгүй юм. Анх 300 гаруй мянган оршин суугчтай болох "мөрөөдөл"-тэй эхэлж байсан энэ төсөлд их, дээд сургууль, театр, музей, эмнэлэг гэх мэтээс авхуулаад морин тойруулга, газар тариалангийн бүсүүд ч төлөвлөгдсөн байжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгч болсон хойноо өөрийн санаачилсан төслөө явуулахаар хичээсэн ч нэг л болсонгүй. 2019 онд Засгийн газар нь дэмжиж, 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон ч

"Майдар хот"-д одоогийн байдлаар Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр гэх Майдар бурханы хөшөөнөөс өөр босож байгаа ганц ч бүтээн байгуулалт үгүй. Угтаа бол дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төлөвлөгөөтэй эхэлсэн энэ хотын эхний ээлжийн ажлууд одоогоос 10 жилийн өмнө буюу 2016 онд ашиглалтад орж, нээлтээ хийх учиртай байсан.

Төслийн явцын талаар салбар яамдад нь ч дорвитой мэдээлэл алга байна. "Бичигдээгүй хууль" ёсоор тус хотын бүтээн байгуулалттай холбоотойгоор Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгаж байгаа гэх мэдээлэл гарч байсан юм. Түүнийг хэд хэдэн улстөрчид "Бурханы нэр барьж луйвар хийлээ" гэж мэдэгдэж байсан билээ.

-2050 он гэхэд 500 мянган оршин суугч хүлээн авах ШИНЭ ХАРХОРУМ ХОТ-

Орхоны хөндийд байгуулагдах Шинэ Хархорум хот. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ойн өдрөөр Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг танилцуулж байв. Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Орхоны хөндийд хот байгуулах тухай тогтоолын төслийг УИХ баталсан байдаг.

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад буй бөгөөд 2050 он гэхэд 500 мянган хүн амтай байх зорилт тусгагдаад буй. Ерөнхийлөгчийн ордонтой, "Мөнх хаан" гэж нэрлэгдэх нисэх онгоцны буудалтай, хүндэтгэлийн байгууламж гээд олон төлөвлөлт нь тухайн үед олны чихийг дэлдийлгэж байв.

Төсөв хөрөнгийн хувьд, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл гэдэг утгаараа "саад тотгор" багатай явааг хүмүүс хэлцдэг. Тус төслийн ТЭЗҮ, судалгааны ажилд 2023 онд 2.3 тэрбум, 2024 онд 2.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Одоогоор тус Хотын даргаар Зам тээврийн сайд асан Л.Халтар томилогдон ажиллаж буй.

-БАЙГУУЛАГДААГҮЙ БАЙХДАА НЭРЭЭ СОЛЬСОН ХҮННҮ ХОТ-

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед зүтгүүлсэн нэг ажил бол Шинэ Зуунмод хот. Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдөр “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор “Шинэ Зуунмод хот”-ыг нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Гэвч Зуунмод хот гэх нэршил нь Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсвэл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байгаа тул байгуулагдаа ч үгүй байгаа хотын нэрийг ХҮННҮ болгон өөрчилсөн юм.

Хүннү хот 31,501.3 га талбай бүхий тус хот 140-150 мянган хүн суурьшуулан, 80 мянга орчим ажлын байр бий болгох зорилттой. 2022-2024 онд улсын төсвийн 164 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Харин "Шилэн данс"-ны мэдээллээр 2025 онд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулсан аж.

Байгуулагдаа ч үгүй байхдаа нэрээ сольсон энэ хотод авлигын гэмт хэрэг хүртэл гарав. Тодруулбал, өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн юм.

АЖЛЫН ЯВЦ: Тухайн хотын хувьд инженер хангамжийн ажил нь эхлэхэд ойр байна. Тодруулбал, Хүннү хотын инженер хангамжийн ажлын хүрээнд барьж буй Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна гэдгийг нийслэлээс мэдэгдээ байгаа юм. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станц барина. Дээрх станцууд нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит болох юм.

-1000 га талбайд өрнөх ХӨШИГИЙН ХӨНДИЙН ЧӨЛӨӨТ БҮС-

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх "Чингис хаан" Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс" байгуулах ажил 2022 оноос эхэлсэн. 1000 га-аар талбайн хэмжээг тогтоосон ба Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казахстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байдаг.

Харин төсөв хөрөнгийн тухайд, 2025 онд 1.7 тэрбум төгрөг, 2026 онд 899 сая төгрөг төсөвлөөд байна.

Найруулагч Б.Тамирын бүтээл “Тусгаар тогтнол“ түүхэн кино ТУН УДАХГҮЙ нээлтээ хийнэ
Найруулагч Б.Тамирын бүтээл “Тусгаар тогтнол“ түүхэн кино ТУН УДАХГҮЙ нээлтээ хийнэ
 
ШУУД: Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийж байна
ШУУД: Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!