ТАНИЛЦ: Ядуурлыг 2 дахин бууруулахаар 34 жил амласан ч 20-иос доош хувь руу ороогүй ЯДУУРЛЫН ТҮВШИН

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
17 минут 34 секунд

Үе үеийн Засгийн газар ядуурлыг 2 дахин эсвэл тодорхой хэмжээгээр бууруулах амлалтыг өгсөөр ирсэн. Гэвч өдрөөс өдөрт иргэдийн орлого, худалдан авах чадвар гэрлийн хурдаар буурч буй. ҮСХ болон Дэлхийн банкны судалгаанаас харахад, ядуурлын түвшин 1992 онд 15 хувьтай байсан бол 1996 онд 38.5, 2000 онд 39 хувь хүртэл өсөж, 2004 онд 33.2 хувьд болж бага зэрэг буурсан аж. Харин 2008 онд 35.2, 2010 онд 38.8 хувь хүртэл эргэн өссөн байна. Тэгвэл 2012 онд 27.4 хувь хүртэл буураад байсан бол 2016 онд 29.6, 2020 онд 27.8 хувь болж өөрчлөгджээ. Харин хамгийн сүүлийн мэдээллээр, 2025 оны эцэст 27.8 хувьтай гарчээ.

Тэгвэл өнгөрсөн 34 жилийн хугацаанд сонгуульд ялалт байгуулж, эрх барьсан намууд мөрийн хөтөлбөртөө ядуурлыг бууруулахаар юу гэж амлаж байсныг та бүхэнд эргэн сануулж байна.

1992 /МАХН/: Өлсгөлөн, ядуурал үүсэх аюулыг хязгаарлана

-Ажилгүйдлийг багасгаж, амьжиргааны түвшинг цаашид бууруулахгүй байж, нийгэмд өлсгөлөн, ядуурал, үүсэх аюулыг хязгаарлах;

-“Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” байх бүх талын нөхцөл бололцоог бүрдүүлэхийг эрмэлзэнэ.

-Бодит ажилгүйдлийг хөдөлмөрийн нөөцийн 5 хувиас хэтрүүлэхгүй байна.

-Ажилгүйдэл гарч байгаа салбарт ажиллагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн өмч, өөрийн аж ахуйтай болоход нь туслах, энэ талаар санаа тавьж буй хөдөлмөрчдийн олон нийтийн байгууллагатай хамтран ажиллаж, төрөөс дэмжлэг үзүүлнэ.

-Мэргэжлийн боловсролын сургуульд хамрагдаагүй охид, хөвгүүдэд ажлын дадлага, мэргэжил, гадаад хэлний мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, ажлын байр шинээр бий болгох бодлого баримтална.

Цалин, орлого

-Амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоож, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн дагуу улирал бүр зохицуулалт хийж байна.

-Үнэ, тариф 1 хувиар өссөн үед цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 0,5-аас доошгүй хувиар нэмэгдүүлж байх зарчмыг баримтална.

-Хүн амыг зайлшгүй шаардлагатай бараагаар хангах картны журмыг тодорхой хугацаанд байлгаж, нэг хүнд оногдох барааны хангамжийг нэмэгдүүлнэ.

-Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн амьжиргааны баталгааг бий болгох нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлнэ.

1996 /АН/: Ядуурлыг бууруулах гол гарц бол ажлын байр бий болгох

1996 онд Ардчилсан нам “Ардчилсан холбооны эвсэл” байгуулж сонгуульд оролцон ялалт байгуулсан байдаг.

Мөрийн хөтөлбөртөө ядуурлыг бууруулахаар таван үндсэн амлалт дэвшүүлсэн байна. Үүнд:

1. Ажлын байр бий болгох (ядуурлыг бууруулах гол гарц)

  • Хувийн хэвшлийг дэмжиж, шинэ ажлын байр олноор бий болгоно
  • Жижиг, дунд бизнесийг татвар-зээлээр дэмжинэ
  • Мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийг зах зээлийн зарчмаар хөгжүүлнэ

“Халамжаар бус хөдөлмөрөөр ядуурлыг давна” гэсэн үзэл баримтлал давамгайлж байсан.

2. Халамжийг зорилтот болгох

  • Бүх нийтэд ижил олгодог халамжаас татгалзаж,
  • Үнэхээр ядуу, эмзэг бүлэгт чиглэсэн халамжийн тогтолцоо бий болгоно
  • Халамжийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулна

3. Инфляцыг бууруулж, орлогыг хамгаалах

  • Инфляц ядуурлыг гүнзгийрүүлж байна гэж үзэж,
    • Төсвийн сахилга бат
    • Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ
  • Иргэдийн цалин, тэтгэврийн бодит худалдан авах чадварыг хамгаална

4. Боловсрол, ур чадварыг ядуурлаас гарах гарц гэж үзэх

  • Боловсролын салбарыг шинэчилж,
  • Мэргэжил олгох, дахин сургах тогтолцоог бий болгоно
  • Зах зээлийн эдийн засагт тохирсон хүний нөөц бэлтгэнэ

5. Хөдөөгийн ядуурлыг бууруулах

  • Малчдыг зах зээлд ойртуулах
  • Малын түүхий эдийн үнэ цэнийг нэмэх
  • Хөдөөгийн дэд бүтцийг (эрчим хүч, зам, холбоо) сайжруулах

2000 /МАХН/: Туйлын ядуурлыг арилгах зорилт хэрэгжүүлнэ

Нийгмийн баялаг, орлогын хуваарилалтыг оновчтой болгож ард иргэдийн амьжиргааны түвшний уналтыг зогсоож, нийгмийн доторх орлогын ялгааг багасгаж, туйлын ядуурлыг арилгах зорилтыг хэрэгжүүлнэ. Үүний тулд:

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлнэ.
  • Төсвийн байгууллагын ажиллагчдын цалинг 2 дахин нэмэгдүүлнэ. Төрийн ажилтны ажиллах, амьдрах нөхцөл-хангамжийг сайжруулж хувьдаа орон сууц барихад нь хөнгөлөлттэй зээл олгоно. Энэ зорилгоор зээлийн сан байгуулна.
  • Бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг дунджаар 2 дахин өсгөж, тэтгэврийн доод хэмжээг амьжиргааны баталгаажих доод төвшингөөс дээгүүр тогтооно. Бага цалинтай, хүнд хортой, халуун, газрын дорх нөхцөлд ажиллаж байсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон иргэдийн одоо авч буй нөхөн олговрыг тэтгэврийн хэмжээнд хүргэнэ.
  • Залуу гэр бүл, өрх толгойлсон ядуу эмэггэйчүүдэд орон сууц барихад нь зориулан хөнгөлөлттэй зээл олгоно. Байгууллаган мэдлийн орон сууцыг хувьчлах асуудлыг шийдвэрлүүлнэ.
  • Ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Ядуу болон тахир дутуу иргэд, олон хүүхэдтэй эхчүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ.
  • Иргэдийг ажил эрхлэх бололцоогоор хангах цогцолбор арга хэмжээ авах замаар шинээр ажлын байр бий болгох санаачлагыг дэмжин урамшуулна. Жижиг санхүүжилтийн аргыг өргөн нэвтрүүлнэ. Бодит ажилгүйдлийг 50 хувиар багасгана.

-2004: Ядуурлыг бууруулж, 145 мянган ажлын байр бий болгоно-

МАХН: Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Үүнд:

-Ядуурлыг бууруулах, иргэдийн орлогыг тогтвортой болгох, өсгөх зорилгоор ажлын байрыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч 145 мянган ажлын байр шинээр бий болгоно.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох, зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх замаар үйлчилгээний хүрээг өргөжүүлэх арга хэмжээ авна.

-Хөдөлмөрчид эрхээ хамгаалуулахад дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийнхөө үр шимийг шударга хүртэх боломжийг нэмэгдүүлнэ. Үйлдвэрчний эвлэлийн болон эздийн байгууллагуудтай хамтран нийгмийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ.

-Хоршоо, нөхөрлөл байгуулах, аж ахуй эрхлэх ур чадварын сургалт болон зээл, санхүүгийн эх үүсвэрээр дэмжих замаар иргэдэд ажпын байраа тогтвортой хадгалах, орлогоо нэмэгдүүлэхэд нь тусална. Жижиг зээлийн үйлчилгээний хүрээг өргөтгөж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, үржлийн мал зэрэг үйлдвэрлэлийн нэн хэрэгцээт зүйлийг зээл, түрээс, лизингээр эзэмшүүлэх хэлбэрийг өргөн ашиглана.

-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хөдөлмөр эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэдний эрх, ашиг сонирхлыг хамгаалах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн албан хаагчдын болон төсөвт байгууллагад ажиллагсдын үндсэн цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлнэ. Ингэхдээ инфляцийн түвшингээс 1:1.5 харьцаатайгаар түрүүлж өсгөнө. Төсвийн санхүүжилтийн шинэ зарчимд нийцүүлэн төрийн албанд ажиллагсдад ажлын үр дүнгээр шагнал, урамшил олгох журмыг бүрэн хэвшүүлнэ.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тэтгэвэр тогтоолгохын өмнөх насны хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар тусгайлсан хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хандивлагчдын дэмжпэг, тусламжтайгаар хэрэгжүүлнэ.

-Бага орлоготой айл өрхийн аж ахуй эрхлэлтийг тэдний гэр бүлд үзүүлэх нийгмийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлттэй хослуулан зохистой хэлбэрээр дэмжинэ.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг амьжиргааны түвшингийн өөрчлөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан жил бүр индексжүүлэх зарчимд шилжинэ. Ингэхдээ инфляцийн түвшингээс 1:1,5-ын харьцаатайгаар түрүүлж өсгөнө.

-1995 оноос өмнө ба хойно тогтоосон тэтгэврийн зөрүүг ойртуулж, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгоно.

-Улсын тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоотой тэтгэврийн сайн дурын даатгалын тогтолцоог бий болгоно.

-Таваас доош жил шимтгэл төлсөн даатгуулагчид олгох ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг авч байсан цалин хөлсний 50 хувьд хүргэж нэмэгдүүлнэ.

-Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээний шинэ хэлбэрийг ажил олгогч, ажилтны эрх ашигт нийцүүлэн нэвтрүүлж зардлыг нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

"Эх орон-Ардчилал" эвсэлээс амласан нь:

Хүүхдүүдэд мөнгөн тэтгэлэг олгох:

  • Сонгуулийн мөрдсөн амлалт нь өсвөр насны бүх хүүхдэд сар бүр 10.000 төгрөгийн дэмжлэг өгөх байв. Энэ амлалтыг эвсэл “нийгмийн тэгш бус орлогыг багасгаж, ядуурлыг бууруулах, залуу гэр бүлүүдийг дэмжих” зорилготой гэж тайлбарлаж байжээ. Энэхүү халамжийн бодлогоор нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ядуурлыг багасгах зорилгыг дэвшүүлсэн.

2008 /МАН/: Өрх бүрийг ядуу байдлаас ангижруулах цогц арга хэмжээ авна

Иргэн бүр сэтгэл хангалуун амьдрах эдийн засаг, нийгмийн нөхцлийг бүрдүүлнэ. Үнэ ханшны өсөлт, өөрчлөлтийг тухай бүр тооцож, цалин тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай өсгөж 2012 он гэхэд одоогийнхоос 3 дахин нэмэгдүүлнэ. Үнэ, тарифыг зохиомлоор өсгөхийг хязгаарлана. Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн орчин бүрдүүлж, 2012 онд дундаж өрхийн сарын орлогыг нэг сая төгрөгөөс дээш болгох боломжийг хангана. Хувь хүмүүс гар аргаар нүүрс, алт, бусад баялаг олборлодог хүнд хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор хууль гаргаж, орчин үеийн бичил уурхай болгон хөгжүүлнэ. Алслагдсан болон говийн бүсийн зарим сум, байгалийн хүнд нөхцөлд амьдарч, ажиллаж буй иргэдэд нийгмийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нэмэгдэл олгох оновчтой тогтолцоог бий болгоно. Хөдөлмөрийн чадвартай хүн амыг ажлын байраар хангах чиглэл баримталж жил бүр 60 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно.

Нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог төгөлдөршүүлнэ. Өрх бүрийн амьжиргааны түвшин, амьдралын нөхцөл байдал, орлогыг бодитой тодорхойлж, шаардлагатайд нь нийгмийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, ядуу зүдүү байдлаас ангижруулах цогц арга хэмжээ авна. Төрөөс үзүүлж буй нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, нэг цэгийн болгоно. Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийнхэн халамжийн үйлчилгээ үзүүлбэл урамшуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, бүрэн тэтгэврийн доод хэмжээг жил дараалан өсгөж, 2012 онд одоогийнхоос 3 дахин өсгөнө. Малчид, жижиг аж ахуй эрхлэгчид, ажилгүй иргэдийг нийгмийн суурь даатгалд хамруулж, төрөөс дэмжих тогтолцоонд шилжинэ.

2012 /АН/: Ажилгүйдлийн түвшин, ядуурлыг бууруулна

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр:

АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийг ажилтай, тогтвортой орлоготой болгох нь ядуурлыг бууруулах үндсэн системийн нэг хэсэг гэж тодорхойлогджээ. Тодруулбал:

  • Иргэдийг ажлын байраар хангах, тэдний цалин хөлсийг амьдралд хүрэлцдэг болгох бодлого барина.
  • Халамжид найддаг нийгмээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого руу шилжих зорилт тавьсан.
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажлын байр шинээр бий болгох хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.

Дундаж орлоготой, тогтвортой амьдрал АН-ын бодлого нь халамжаас хамааралтай биш, хөдөлмөр эрхэлдэг, тогтвортой орлоготой өрхүүд олон болох замаар ядуурлыг бууруулах зүгт чиглэсэн. Энэ нь ядуурлаас гаргах үндсэн үзэл баримтлалын нэг гэж үздэг.

Нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг Ядуурлын эрсдэлтэй бүлгүүд (хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд)-ийг нийгмийн халамжаар дэмжих бодлогыг хэвээр үлдээхээр тусгасан. Энэ нь ядуурлын сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээ юм

2016 /МАН/: Өрхийн сарын дундаж орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ

Иргэдийг ажилтай, орлоготой байлгахын тулд өрийн дарамтыг бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгана. Тусгай зөвшөөрлийн тоог 3 дахин цөөрүүлнэ. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана. НӨАТ-ыг оновчтой болгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхийг дэмжинэ. Аймаг бүрт үйлдвэр байгуулна. Шинээр аж ахуй эрхлэлтийг урамшуулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй. Жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Монгол хүний үнэ цэнэ, бүтээмж, өрсөлдөх чадвар, үнэлэмжийг бүх салбарт өсгөнө. Цалин, урамшууллыг өсгөж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ бүх бодлогын үр дүнд таны амьдралд, эдийн засагт, улс оронд итгэл найдварын өөрчлөлт бий болно.

2020 /МАН/: Ядуурлыг 2 дахин бууруулна

Орлоготой иргэн

      1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
      2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.
      3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.
      4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.
      5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.
      6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
      7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
      8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.
      9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
      10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
      11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.
      12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
      13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
      14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.
      15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.
      16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.
      17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.
      18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.

2024 /МАН/: Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд

1.5.42. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална.

1.5.43. “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажилд зөвлөн чиглүүлэх, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамруулан зуучлах үйлчилгээний тогтолцоог хөгжүүлнэ.

1.5.44. Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

1.5.45. Бага өртөгтэй түрээсийн орон байрны хангамжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.5.46. Зорилтот өрхүүдэд зориулсан түрээсийн орон байрны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

“НҮҮРСНИЙ“ хэргийн дараа ТЭД “ХААЧСАН“ БЭ
“НҮҮРСНИЙ“ хэргийн дараа ТЭД “ХААЧСАН“ БЭ
 
ШУУД: Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!