“НҮҮРСНИЙ“ хэргийн дараа ТЭД “ХААЧСАН“ БЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
14 минут 30 секунд

Одоогоос дөрвөн жил гаруйн өмнө нүүрсний хулгайн хэрэг олон нийтийг дөн өвлийн хүйтнээр төрийн ордны урд жагсахад хүргэж байв. 40 их наяд хэмээн хэсэгтээ шуугисан эл хэргийн мөрөөр улс төрийн "томчууд" шил шилээ даран хуулийн байгууллагын хаалга татаж, зарим нь улс төрөөс "ховхорсон". АТГ-аас анх нүүрсний тодотголтой эл хэрэгт холбоотой байж болзошгүй 17 хүний нэрсийг хүртэл зарлаж байв. Энэ үйл явцаас хойш "жараахайнууд" л ял сонссон гэж олон нийт шүүмжлэлтэй хандах нь бий. Тэгвэл нүүрсний хэрэгт нэр холбогдсон "томчууд" ямар ял шийтгэл хүлээсэн бэ. Тэд одоо ямар ажил, албан тушаал эрхэлж байна вэ.

-Б.БАТТӨМӨР, Ц.СЭРГЭЛЭН НАР ЦАГААДАЖ, "НЭРЭЭ ЦЭВЭРЛЭВ"-

Нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн зарласан 17 нэрсийн дунд тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 7 улстөрч багтаж байв. Тухайлбал, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Н.Наранбаатар нарын нэрс цацагдав. Харин тухайн нэрс зарлагдсанаас хоёр орчим сарын дараа Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нар өөрт нь АТГ-аас нүүрсний гэх хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, яллагдагчаар татах үндэслэл байхгүй байгааг тогтоосон бичиг ирсэн талаар олон нийтэд мэдээлсэн байдаг. Харин тэд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших квотоо намаасаа авч чадаагүй.

-А.АДЪЯАСҮРЭН АН-ЫН ЕНБД АСАН Н.ГАНИБАЛЫН ЗӨВЛӨХӨӨР ТОМИЛОГДООД АМЖИВ-

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020 оны сонгуулиас ч өмнө хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байсан. Тээврийн бизнестэй гэдгээ "нуудаггүй" тэрбээр 2022 онд өөрийнх нь нэр зарлагдах үед "Яагаад энэ асуудалд намайг холбож байгааг би гайхаж байна. Би нүүрсний хэрэгт ШАЛГУУЛЪЯ. Бусад гишүүд ч шалгуулах ёстой" гэдэг байр суурийг хэвлэлд илэрхийлж байсан бөгөөд 2023 оны хоёрдугаар сард яллагдагчаар татагдсан. Түүний хувьд 2024 оны сонгуульд нэр дэвшээгүй. Үүнээс хойш нам гүмхэн байсан тэрбээр өнгөрөгч 2025 оны тавдугаар сард АН-ын ЕНБД Н.Ганибалын зөвлөхөөр томилогдоод байсан юм. Харин саяхан Н.Ганибалын оронд Д.Амарбаясгалан томилогдсоноор тэрбээр зөвлөхийн албан тушаалаасаа салж таарсан болов уу.

-Ө.ШИЖИР, Х.БАТТУЛГА НАР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОВ-

Хуулийн байгууллагаас зарлагдсан 17 хүний дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний ойрын хүн гэгддэг ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир нарын нэр багтсан. Ийнхүү зарлагдсаныхаа дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хулгайн хэргээр АТГ-д очиж мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс хойш 2024 оны УИХ-ын сонгуульд Х.Баттулга, Ө.Шижир нар нэр дэвшиж, хоёул парламентад сонгогдсон. Х.Баттулгын хувьд үе үеийн Ерөнхийлөгч нар дундаас хамгийн анх удаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж буй улс төрч болсон юм. Түүнчлэн өнгөрөгч оноос Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн билээ.

-Ш.РАДНААСЭД ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Ш.Раднаасэдийн хувьд 2022 оноос хойш буюу УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үеэсээ Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан байдаг. Харин тэрбээр өөрийн холбогдсон нүүрсний асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарладаг. Энэ утгаараа дараагийн сонгуульд нь ч нэр дэвшүүлээгүй гэж хэлдэг.

Ийнхүү хэсэгтээ л улс төрөөс хол явсан тэрбээр өнгөрөгч оны есдүгээр сард гэнэтхэн гарч ирж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайн загалмайлсан эцэг хэмээгээд "Өрсөлдөгч нараа 17 гишүүнийг нүүрсний хулгайч гэж зарлуулаад бүгдийг нь жагсаалаас гаргасан. Нэг төрлийн ашиг сонирхолд нь саад болсон, эрх ашигт нь саад болсон хүмүүсийг айлган сүрдүүлсэн, хөөж явуулсан. Ялгаагүй энэ хүмүүс бүгд шалгуулсан. Намайг бүр өөрийн зөвлөх Баянмөнх гэдэг хүнээр бүх муу юмтай холбуулж бичүүлж байгаад шалгуулсан. Холбож болох бүх юмаар бичүүлж байсан. Тэгээд өнөөдөр энэ өндөрлөгт хүрчихээд ахиад Ерөнхий сайд гэдэг мест рүү очно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тухайн үед би АТГ- ын үүдэнд хэлж байсан. Нүүрсний хулгайч гэж зарласан энэ нэрсийг АТГ-аас гаргаагүй, намаас өгсөн нэр гэж хэлж байсан" гэж байсан юм.

Харин өнгөрөгч оны 12 дугаар сард ЗГ дээр дэд сайд нарын томилгоо явж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ХЗДХ-ийн дэд сайд болсонтой холбоотойгоор Ш.Раднаасэдийг түүний оронд чимээгүй гэгч нь томилж орхисон юм. Ингэснээр тэрбээр улс төрд эргэн ирэв.

-Р.СЭДДОРЖ УИХ-ЫН ГИШҮҮН, ЭЗБХ-НЫ ДАРГА БОЛОВ-

Р.Сэддоржийг Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед нь нүүрсний хулгайд холбоотой байж болзошгүй гэж зарласан. Ингэхдээ түүнд холбогдуулан шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор шүүхээс хилийн хориг тавьж, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг нь хүртэл хориглосон шийдвэрийг ч тухайн үед гаргаж байв. Үүнээс хойш хэрэг мөн адил "замхарсан". Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдож, тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.

-ХУУЛИЙНХАН "АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ "ШИДЭЛЦСЭН" ХЭВЭЭР -

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ. Нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй гэж зарласнаас нь хойш дөрөв орчим сарын дараа түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин тэрбээр үүнээс хойш хэд хэдэн хуулийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн боловч хэрэг нь хуулийн шатанд удаашралтай буюу "гээгдэж орхисон" юм. Өнөөдөр ч түүнд холбогдох хэрэг аль шатандаа гацсан нь тодорхойгүй буюу хуулийн байгууллагынхан өөр хоорондоо "шидэлцсэн" хэвээр.

-Н.НАРАНБААТАР УИХ-Д "НАХИВ"-

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар. Хоёр ч парламентад сонгогдон ажиллаж буй тэрбээр өнгөрөгч парламентад ажиллаж байх үедээ нүүрсний гэх хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн. Үүнтэй холбоотой бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал ч УИХ-аар орсон боловч тэрбээр бүрэн эрхтэйгээ үлдсэн. Ийнхүү 2024 оны сонгуулиар нэр дэвшиж, дахин сонгогдсон юм. Ингэснээр цагтаа нүүрсний хэрэгт нэр цохогдож явсан тэрбээр одоо УИХ-ын гишүүн тэр бүү хэл Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.

-2 ЖИЛ 6 САРЫН ЯЛ СОНССОН Т.АЮУРСАЙХАН СУЛЛАГДАХАА ХҮЛЭЭЖ БАЙНА-

Улс төрд нөлөө бүхий этгээдүүдээс нүүрсний гэх хэрэгт холбоотой болох нь тогтоогдож шүүхээс ял сонссон хүн бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан. Түүний хувьд анхан шатны шүүхээс Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял сонссон. Харин давж заалдах шатны шүүхээс Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, ялыг 2 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл, түүний хорих ялыг 4 сараар бууруулж байв.

Харин түүнийг хоригдох хугацаандаа номын санч хийж байгаа талаар мэдээлэл гарч байсан ба тэрбээр удахгүй суллагдана. Одоогоор хорих 409-р ангид цагдан хоригдож байгаа бөгөөд ажил хийхгүй байгаа.

-3 ЖИЛ 9 САРЫН ЯЛ СОНССОН Б.ГАНХУЯГ-

Нүүрсний хэргээр ял сонссон "томчуудын" нэг бол Б.Ганхуяг. ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж эхэлсэн түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах болон хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж буруутгаж анхан шатны шүүхээс анх 5 жил 9 сарын хорих ял ногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх түүний ялыг 3 жил 9 сар болгон бууруулсан байдаг. Түүнийг хорих байгууллагад талбайн туслах хийж байгаа гэх мэдээлэл байдаг.

-Т.АЮУРСАЙХАНЫ ТУСЛАХ И.ДАВААДОРЖ 2 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ СОНСОВ-

Т.Аюурсайханы туслахаар ажиллаж байсан И.Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байх үед нь нүүрсний гэх хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүх түүнийг авлига авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон юм.

-Д.АМАРБАЯСГАЛАН УИХ-ЫН ДАРГААСАА БУУЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАВ-

Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байх үед буюу түүнийг МАН-ын даргад нэр дэвших үеэр "Админерал" компанитай холбогдолтой талаарх мэдээлэл гарч эхэлсэн. Түүнд холбогдох хэргийн талаар одоогийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр төдийгүй Ерөнхий сайд нь ч ам нээсэн байдаг. Ийнхүү Д.Амарбаясгалангийн хувьд ч өөрийн нэр холбогдож буй "Админерал" компанитай холбоотой асуудлаар шалгуулна гэдгээ мэдэгдээд, өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаасаа чөлөөлөгдсөн.

Харин өнгөрөгч оны аравдугаар сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах болон улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн талаар прокуророос мэдээлсэн ба Д.Амарбаясгалан ч яллах тогтоолтойгоо танилцаж, гарын үсэг зураад буй.

-Ц.ЧУЛУУНЗАГД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАЖ, ХИЛИЙН ХОРИГТОЙ БАЙНА-

МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 2023 оноос хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Харин өнгөрөгч оны есдүгээр сард түүний гэрт нэгжлэг хийсэн ба энэ үеэр “Админерал” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2025 оны гуравдугаар сард нас барсан БНХАУ-ын иргэн Х-гийн гарын үсэгтэй дардас олдсон. Уг гарын үсгийн дардсыг нас барснаас нь хойш хууль бусаар ашиглаж байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа цааш үргэлжилнэ гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Нэгжлэгийн үеэр 48 цагийн хугацаатай саатуулагдсанаасаа хойш цагдан хоригдсан тэрбээр саяхан суллагдсан бөгөөд шүүхээс түүнд хилийн хориг тавиад буй юм.

-Ц.ЧУЛУУНЗАГДЫН АХ Ц.ЛАМЖАВ ЦАГДАН ХОРИГДОЖ БАЙНА-

МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах, “Админерал” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг "Моновант" ХХК-ийн "эзэн" Ц.Ламжавыг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 28-нд цагдан хорьсон юм. Яллагдагчаар татагдан шалгагдаж буй түүнийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан”, 1.4-т заасан “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлүүдээр цагдан хорьсон.

-НҮҮРСНИЙ ГЭХ ХЭРЭГ: 83 холбогдогчтой 15 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, одоо 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна-

Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 4/04 дугаартай тогтоолыг үндэслэн Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/101, А/119, А/326 дугаартай тушаалын дагуу томилогдсон 21 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгээс нийт 103 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 59 хэргийг шийдвэрлэснээс 83 холбогдогчтой 15 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, одоо 36 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн. Шөнөдөө ялимгүй цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -18 хэм хүйтэн. Шөнөдөө ялимгүй цас орно
 
“Хотула” аппликейшнаар автомашины торгуулиа төлөх боломжтой болжээ
“Хотула” аппликейшнаар автомашины торгуулиа төлөх боломжтой болжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!