Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ нэгдүгээр сарын 22-24-нд зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллах юм. Тэрбээр томилолтоо Дорнод аймгаас өнөөдөр /2026.01.22/ эхлүүлж Маршал Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Дорнод аймагт хэрэгжиж буй "Хүүхэд эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хүүхэд хамгааллын төсөл нь 2023 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд 2025 онд 197067 насанд хүрэгч, 37900 гаруй хүүхдийг хамруулж 1103 өрхийн 3114 эцэг эх, хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Монгол Улс жил бүр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэдэг атлаа хүний эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах, тэр дундаа хүүхэд нялхсыг хамгаалах зүйл, заалт хэрхэн хэрэгжиж байгааг тэр бүр анхаарч үздэггүй. Төсөв мөнгө зарцуулалт дээрээ ч хүүхэд, нялхаст зориулсан хөрөнгө оруулалт хамгийн эхэнд байж чаддаггүй байдалд анхаарч цаашид нэн түрүүнд хүүхдийн асуудлыг тавьж байх ёстойг онцоллоо.

Дорнод аймагт хэрэгжиж буй хүүхэд хамгааллын энэхүү төслийг зөвхөн аймгийн хэмжээнд бус зүүн бүсийн аймгуудын хэмжээнд, цаашлаад улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай. Хүүхэд хамгааллын асуудал дээр УИХ-ын даргын хувьд манлайлан ажиллах болно гэдгээ Монгол Ардын намын дарга Н.Учрал хэллээ.
Тэрбээр "Хүүхэд эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Дорнод аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!