Д.Цогтбаатар: Намайг маш сайн шалгах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 37 секунд

Цахим орчинд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарын талаар "УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үеэл Ц.Батбилэгийн хамт Хонг конг хөрөнгө оруулагчдаас дээрэмдэж авсан жоншны уурхай дээрээ Оросын мафийн мөнгийг словакчуудтай хамтарч угаадаг. Авлигатай тэмцэх газар хурдан эднийг шалга" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тэгвэл дээрх мэдээлэлд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тайлбар хийж "Ийм утгагүй, огт үндэслэлгүй, эрээ цээргүй гүтгэлэгт зохих ганц хариу л байдаг. Энэ бол баримт гаргаж ярих. 2025 оны 9-р сарын 19-нд Бээжин хотноо Монгол Улсын Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рунтай ажлын уулзалт хийхтэй холбогдуулан миний бие маш тодорхой саналыг Монголын Хууль зүйн сайдад тавьсан. Юу вэ гэвэл өмнөд хөршийн хөрөнгө оруулагчдыг Монголын газар нутаг дээр хуурч, эд хөрөнгийг нь зальдсан, дээрэмдсэн хэргүүдийг нягталж судлах хамтарсан ажлын хэсгийг хоёр талын хууль хяналтын мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулах. Айлын талын төлөөллийг оруулахын учир нь, хэрэв манай холбогдох байгууллагууд аливаа зальт этгээдүүдийн мөнгө нөлөөнд автсан байх аваас мэргэжлийн гадаад түншүүдтэй нь хамтран ажиллууснаар ийм бусармаг үйлдлийг ил болгох боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байсан юм.

Нүүрсний илт хулгайч нараас авахуулаад заль хийж, дээрэм үйлдэхэд гар бие оролцсон албан тушаалтнууд байвал тэдгээрийн нүүр нь улалзаж, баримтад, үнэнд гүйцэгдэх нөхцлийг ийнхүү бүрдүүлэхийн тулд хоёр талын оролцоог хангах саналыг гаргасан. Гадны хөрөнгө оруулагчдыг татаж, итгэлийг нь сэргээхийн тулд ил, нэн нээлттэй ийм ажлыг зохион байгуулж, гэм зэмтэй этгээдүүдэд (төрийн ч бай, хувийн ч бай) хариуцлага тооцож байж л ажил урагшилна. Лоозон уриа, хоосон амлалт үр дүнд хүргэхгүй.

Ер нь нүүрсний хулгайн далайцыг мэдэхэд БНХАУ-ын гаалийн мэдээ маш чухал баримт болж байсныг уг санаачилгыг гаргахдаа бас бодолцсон. Энэ саналыг Хууль зүйн сайдад ажлаар Бээжин явахынх нь өмнө албан ёсоор тавихдаа бас УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаас дэмжлэг авч, бүр хамтдаа тавьсан. Сайд ажил хэрэгч саналыг дэмжсэн бөгөөд уг саналыг айлын талд тавьсан гэдгээ эргээд мэдэгдсэн. Одоо сайд нь солигдсон ч төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах зарчим өөрчлөгдөөгүй байгаа. Тиймээс шинэ сайд энэ зарчимч санаачилгын хэрэгжилтэд анхаарч ажиллаж байгаа гэдэгт итгэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хуулийн тогтвортой, шударга, жигд орчныг ийнхүү бүрдүүлэх ажлуудыг харин уйгагүй хийсээр ирсэн.

Хулгайч нар, тэдний хамсаатнууд харин хэрэг нь илэрчих гээд ийм санаачилга гаргах нь байтугай яаж зогсоох вэ л гэдгээ бодон сандарцгааж, худал мэдээлэл зохиоцгоож байгаа л даа. Намайг маш сайн шалгах хэрэгтэй. Монголын татварын байгууллагыг залилсан, хууль хяналтын байгууллагуудыг будилаанд хутгасан, төөрөгдүүлсэн, хуурсан, иргэдийг, гадаадын хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн нүүрсний хулгайч нарыг бас маш сайн шалгах хэрэгтэй. Үүнд залилуусан гадаадын иргэдийг, тэдний хууль хяналтын байгууллагуудын дэмжлэг, мэдээлэл туслалцаатайгаар сайн шалгах хэрэгтэй. Гэмт хэргийн мөр, баримт балардаггүй юм" гэжээ.

Улаанбаатарт маргааш -26 хэм хүйтэн, багавтар үүлтэй
Улаанбаатарт маргааш -26 хэм хүйтэн, багавтар үүлтэй
 
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Найз бүсгүйгээ зодсон хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!