
Нийгмийн нюансыг мэдрэмжтэйгээр ёжлон зурсан шог зургуудаараа бидний эчнээ танил болсон зураач Ц.Оригилтой ярилцлаа.
-------------------------------------------
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн уу. Намайг Ц.Оргил гэдэг. Зураач мэргэжилтэй. Та бүхний зарим нь мэдэж байгаа байх. Фэйсбүүкэд шог зураг зурдаг, бандаажтай залуу нь би байна аа.
-Зураг зурах, зураач болох нь Ц.Оргилын багийн мөрөөдөл байв уу. Эсвэл?
-Яг зураач болно гэж бодож, мөрөөдөж байгаагүй ч зураг зурах маш их дуртай байсан. Аав, ээж маань хоёулаа зураач болохоор зураач болох замыг сонгосон байх гэж боддог. Зургийн чиглэлээр сурч байсан ч хоёрдугаар курсээсээ гарчихсан.

-Анх аниме, хар зургууд их зурдаг байсан юм байна лээ. Хэзээнээс нийгмийн сэдэвтэй шог зургуудаа зурж эхэлсэн байдаг юм бэ?
-Хүний нас үетэйгээ холбоотой байдаг юм шиг байгаа юм. Анх үзсэн киноныхоо таалагдсан дүрүүд болон аниме зурж эхэлсэн. Ажлын байран дээр гараад даалгасан ажлуудыг ажлын цагтаа багтааж дуусгадаг ажил хийсэн. Комикс ном, хүүхэлдэйн кино гэх мэт. Яг нийгмийн сэдэвтэй шог зургийг бол 2019 оны сүүлчээс эхэлсэн санагдаж байна. Лав л цар тахлын улмаас нийтийн хөл хорио тогтоож байсан. Тэгээд нийгмийн сэдэвтэй зураг зурах болсон. Тухайн үед хэт их ажлаас чөлөөлөгдөж өөр, сонирхолтой зураг зурах санаа төрсөн.

-Зургуудынхаа санааг яаж олдог вэ. Таны зургийг харахаар яаж ингэж голыг нь олоод хэлчихдэг, зурчихдаг байна аа гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг?
-Нийгэмд өрнөж байгаа цаг үеийн үйл явдал, хүмүүсийн хооорондын харилцаа, мэдээллийг хараад өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ зургаар илэрхийлдэг. Миний хувь ярихдаа, эсвэл найруулан бичихдээ муухан учир тэр бүр хүмүүстэй яриа өрнүүлдэггүй. Харин хамгийн сайн чаддагаараа зурж, дүрсэлж, илэрхийлдэг.
-Өдөрт хэдэн зураг зурдаг вэ?
-Өдөрт нэг л зураг зурах зорилготой суудаг
-Нэг зураг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Яг ямар зургийг яаж зурах вэ гэдгийг олоход хамгийн их хугацаа зарцуулдаг.Санаагаа олчихсон байхад зураг зурах хоёрхон цагийн ажил.
-Нийгэмд өдөрт маш олон үйл явдал өрнөдөг. Эдгээрээс яг үүнийг л зурах ёстой юм байна гэдэг сонголтыг яаж хийдэг вэ?
-Яг энэ зургийг л зурах ёстой юм байна гэж бодож сонгодог ганцхан шалтгаан байдаг. Тэр ньби өөрөө инээж л байвал болоо.

-Өөрийгөө яагаад бандаажтай зураад байдаг юм бэ?
-Урландаа “бүгж” зургаа зураад 5 жил болж байна. Бослоо, зурлаа, унтлаа гэсэн циклтэй амьдардаг учраас өөрийгөө хувцаслах шаардлагагүй “бандаажтай” зурдаг.
-Physical Asia-д оролцсон Монголын багийн гишүүдийг зурахдаа Хандааг доош нь харуулаад зурчихсан байсан. Яагаад гэх асуулт маш их ирсэн байх. Боломжтой бол хариулт өгөөч?

-Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа харагдсан. Би хувьдаа юу ч бодоогүй. Physical Asia-г гүйлгэж үзэж байхдаа Хандааг унаж байгааг харчихсан юм. Тэр агшин хөгжилтэй санагдсан учраас л зурсан. Тэрнээс биш хүмүүсийн хэлж байгаа шиг муу байсан учраасч гэдэг юм уу. Шүүмжилсэн агуулга огт байхгүй. Олон хүн дээшээ гаргаж зурахыг шаардсан учраас дээш нь харуулж бас зурсан. /инээв/

-Зурагтай нь холбоотой дарамт, шахалт ирдэг үү. Улстөртэй холбоотой шүүмжилсэн шог зургууд бас зурдаг шүү дээ?
-Дарамталсан тохиолдол бол байхгүй. Даргыг нь зурлаа гэж загнасан тохиолдол бол байсан. Улстөртэй холбоотой шог зургийг нийт зургийнхаа 100/10 хувиас хэтрүүлэхгүй байхыг хичээдэг.
-Ц.Оргилийн нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Би өөрөө маш зожиг төрлийн хүн. Бараг гэрээсээ гардаггүй гэж ойлгож болно. Хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх зорилгоор заал руу явж дасгал хийдэг. Сүүлийн 5 жил урлангаасаа гарахгүй зургаа л зургаа зурж байна. Надтай гудамжинд эсвэл баар, караокед таарах ямар ч боломжгүй.

-Залуу нас шүү дээ. Хэтэрхий уйтгартай биш үү?
-Тийм ээ. Олон хүн тэгж хэлдэг. Хэрэв өөр хүн миний энэ амьдралаар амьдарвал долоо хонохгүй галзуурах байх. Би өөрөө бол дасчихсан. Зургаа зураад урландаа байх нь миний хувьд хамгийн тухтай орчин. Эсрэгээрээ гадуур гараад олон хүнтэй бужигнахаар маш их ядардаг. Хүссэн зургаа зурсны дараа хачин их баяр төрдөг. Тэгэхээр өөрийгөө баярлуулах гэж зураг зурдаг гэж ойлгож болно.
-Ц.Оргилийн цаашдын зорилго юу вэ?
-Маш энгийн. Бүх хүмүүс мэддэг, хүлээн зөвшөөрөгдсөн ганцхан бүтээлтэй болох. Шог зураг биш урлагийн бүтээл гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!