
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, санал, хүсэлтээ уламжилсан байна.
Замын-Үүд сумын хувьд газрын асуудал тулгамдсан асуудлын нэг болжээ. Тус суманд газар өмчлөл хаалттай байна гэж иргэд шүүмжилсэн бөгөөд эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулъя гэсэн ч хүртээмжгүй байгааг хэлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийг ирэх долоон хоногт Замын-Үүдэд ажиллуулах юм.

Түүнчлэн хил, гаалийн үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгох тал дээр Засгийн газар анхаарч ажиллана гэсэн Ерөнхий сайдын байр суурийг Замын-Үүд сумын иргэд талархан хүлээн авчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Замын-Үүдэд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хил, гааль, чөлөөт бүсийн уялдаа холбоог сайжруулж байж авлигын эрсдэлийг бууруулна. Үүний эхлэл болгож сумын газар олголтыг эргэж харах, бүртгэлийг цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлнэ. Энэ бол Замын-Үүд сум цэгцрэх хөдөлгөөн юм” гэв.

Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хувь хэмжээ тогтоож буйг эргэж харахыг тэдний төлөөлөл хүссэн байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсөж, дарамт болж буйг жолооч нар хэллээ. Жолооч нарт ногдуулсан татварын хувь хэмжээг 30 хувь болгож бууруулсан төдийгүй татварын шатлалыг үгүй болгосон тогтоолыг аймгийн ИТХ баталсан. Харин тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаж байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэж Ерөнхий сайд мэдээлэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.01.12) Дорноговь аймгийн төв Сайншандад ажиллана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!