
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр болон есөн дүүргийн ИТХ-ын дарга нар хамтран нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа. Учир нь тус газар нийслэлийн хэмжээнд ганцхан байртайгаар өр барагдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа аж. Тиймээс иргэдэд үйлчилгээг илүү ойртуулж, цаг хугацаа хэмнэж, хүндрэл чирэгдлийг багасгах үүднээс есөн дүүрэгт тус газрын салбарыг байгуулахаар төлөвлөөд байна.

Уулзалтад Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагва, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр болон нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс, Банкны төлбөр барагдуулах газрын дарга, хурандаа Б.Дашдаваа оролцлоо. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Түвшинтөгс байгууллынхаа үйл ажиллагаа, нөхцөл байдлыг танилцууллаа. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өнгөрсөн онд 14604 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгавар болгож, 922.1 тэрбум төгрөгийн хэсэгчилсэн төлөлтийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад шилжүүлж, тэдний зөрчигдсөн эрхийг сэргээн ажиллажээ. Мөн торгох ялын биелэлтийг хангаж 3690 гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгон 8.2 тэрбум төгрөгийг, Эрүүгийн хуульд зааснаар хөрөнгө орлогыг хуурах албадлагын арга хэмжээний 330 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж 8.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс сэжигтэн, яллагдагчийг цагдан хорихгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим бугуйвчийг унтраах, зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэг зөрчлүүд гардаг бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдэд хяналт тавих, хайж илрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэргийлэхэд техник хэрэгслийн дутмагаас хүндрэлтэй үүсдэг болохыг онцоллоо. Түүнчлэн нийслэлийн хэмжээний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажлыг явуулдаг учир ачаалал ихтэй, алба хаагчдын ажлын байрны орчин нөхцөл тааруу, гүйцэтгэх ажиллагааны үеэр гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байгааг дурдлаа. Тус уулзалтаар НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр есөн дүүргийн ИТХ-ын дарга нараас санал авч, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хүрээнд дүүрэг бүрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болголоо. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай техник, хэрэгслээр хангаж хамтарч ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нар залилах гэмт хэрэг эрчимтэй газар авч байгаа бөгөөд иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр тулгамдсан асуудал багагүй гардаг, иргэдээс энэ төрлийн санал, гомдол их ирдэг талаар хэллээ. Түүнчлэн залилах гэмт хэргийг бууруулахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!