126 гишүүнтэй парламентын хоёр дахь намрын чуулган он солигдохын өмнөхөн хаалтаа хийсэн билээ. Хуулиараа 75-аас доошгүй хоног хуралдах ёстой намрын чуулган энэ удаад 77 хоног хуралдаж 14 хууль, 37 тогтоол баталжээ. Тэгвэл энэ удаагийн чуулганаар гишүүд ямар ирцтэй оролцож, хэн хэн таслалт, хоцролт, чөлөө авалтаараа тэргүүлсэн бэ. УИХ-ын Тамгын газраас гаргадаг ирцийн нээлттэй мэдээллийг ашиглан та бүхэнд онцолж байна.
-Хичээлээ хамгийн их тасалсан сурагчид-

Энэ удаад хичээлээ хамгийн их тасалсан сурагчдыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар манлайлжээ. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 10-р сард гурван удаа, 11-р сард долоон удаа тасалсан бол 12-р сард нэг ч удаа хичээлдээ суугаагүй буюу 11 удаа тасалснаар Х.Баттулгын дээр бичигдлээ.
Түүний араас алдарт таслагч Х.Баттулга бичигдсэн байна. Тэрбээр телевизийн ярилцлагад оролцох үеэрээ болон Төрийн ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Би ээжийнхээ үгэнд орж хуралдаа тогтмол сууна" гэж ярьж байсан ч бодит байдал дээр ээжийнхээ үгэнд орохгүй байгаа нь энэ. Түүний хувьд 9-р сард нэг удаа, 10-р сард дөрвөн удаа, 11-р сард 10 удаа, 12-р сард гурван удаа тасалжээ. Эдгээрийн араас УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, С.Лүндэг, С.Ганбаатар нар 3-6 удаагийн таслалттайгаар "удаалж" байгаа юм.
-Ц.Даваасүрэн тэргүүтэй 25 гишүүн хичээлээсээ хамгийн их ХОЦОРЧЭЭ-

Хоёрдугаарт, гишүүдийн хоцролт үеийн үед чих халууцуулдаг билээ. Чуулганы хуралдаан нь аль хэдийнэ эхэлчихээд байхад тоосон шинжгүй коридорт "маазарч" яваа тохиолдлууд ч харагддаг. Тэгвэл энэ удаагийн намрын чуулганд хоцролтоороо "манлайлсан" 20 гишүүнийг танилцуулъя.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Пунсалмаа нар 18 хоцролттойгоор тэргүүлсэн бол араас нь Т.Доржханд, Дамдины Цогтбаатар нар 17, Д.Ганбат 16, Ж.Энхбаяр 15, Б.Батбаатар 14, Д.Жаргалсайхан 13, Г.Ганбаатар 13, Н.Учрал 13 удаа хоцорсон үзүүлэлттэй байна. Дараа нь Б.Дэлгэрсайхан, Б.Батцэцэг, Д.Батбаяр, Б.Чойжилсүрэн, Р.Эрдэнэбүрэн нар 12 удаа гэсэн амжилттайгаар "удаалжээ".
-Хамгийн их гадаад томилолтоор явсан гишүүдийг С.Цэнгүүн, А.Ундраа нар ТЭРГҮҮЛЛЭЭ-

Гуравдугаарт, иргэдийн хамгийн ихээр шүүмжилдэг гадаад томилолт багтаж байна. Гэхдээ томилолтод хувийн зардлаар болон урилгаар явах тохиолдол бий гэдгийг гишүүд хэлдэг. Тэгвэл 9-12-р сард гадаад томилолтоор явсан гишүүдийг С.Цэнгүүн тэргүүлжээ. Тэрбээр нийт 14 удаа гадаад томилолтод явсан аж. Түүний араас УИХ-ын гишүүн А.Ундраа 10 удаа, Ж.Баясгалан 8 удаа, С.Ганбаатар 6 удаа, П.Батчимэг 7 удаа, О.Саранчулуун 5 удаа, Ж.Чинбүрэн 5 удаа гадаад томилолтоор явсан үзүүлэлтээр "удаалж" байна.
-Яллагдагчаар татагдсан Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар хамгийн их ЧӨЛӨӨ АВЧЭЭ-

Түүнчлэн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан 26 удаа, С.Амарсайхан 14 удаа, Х.Булгантуяа 11 удаа буюу хамгийн олон чөлөө авсан гишүүдээр тодорлоо. Дашрамд, Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, яллагдагчаар татагдсанаас хойш чуулганы хуралдаанд огт оролцоогүй. Мөн УИХ-ын дэд дарга асан, гишүүн Х.Булгантуяа чуулганы хуралдааныг удирдахдаа "Үндсэн хууль зөрчсөн" буюу төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон үндэслэлээр яллагдагчаар татагдан, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж яваа. Шалгагдаж эхэлснээсээ хойш чуулганы хуралдаанд огт оролцоогүй юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!