Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.12.24/-ийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. Европын сэргээн босголт банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн вант улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр 120 ортой, тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан Зүрх судасны Үндэсний төвийг барина. Тус төв ашиглалтад орсноор зүрх судасны төрөлжсөн нарийн эмчилгээ, тусламж үйлчилгээг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Азийн хөгжлийн банкнаас нэн хөнгөлөлтэй авах 475 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөний дагуу 17 аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг шинэчилж, 2 дугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үзүүлдэг болгох, Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж 32 сургууль, 9 цэцэрлэг барих юм байна. Мөн ХАА-н салбарын хүний нөөцийг чадавхжуулах, Онцгой байдлын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах чиглэлд зарцуулахаар төлөвлөсан байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!