Танхимд ормогц улаан хүрэн өнгө анхаарал татав. Брэндийн өнгө гэж нэрлэсээр ирсэн энэ өнгө өнөөдөр илүү тод, илүү утгатай харагдана. Тайзны гэрэл, ширээний бүтээлэг, хүртэл заалын арын баннер нэг өнгөөр амьсгалж, компанийн 25 жилийн тэмдэглэлт өдрийг яг өөрийнх нь өнгөөр буджээ.
Ойн хүндэт индэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр зогсоно. Тэр компанийн замнал, хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг онцолж мэндчилгээ дэвшүүлэхэд танхимын арын эгнээнд суусан ахмад ажилчдын нүүрэнд жижигхэн инээмсэглэл тодорно. Хүн бүр энэ 25 жилийн түүхийг өөрийн гараар бичилцсэн гэдгээ мэддэг учраас тэр.
2000 он. Зургаахан хүнээс эхэлсэн жижиг өрөө. Өглөөний жижүүр, хөргүүрийн дуу, шинэ бизнес эхлэх гэж байгаа залуусын догдлол. Тэр үеийн түүхийг энэ танхимд байрлуулжээ. Хажууханд нь өнөөдрийнх: 280 ажилтан, олон улсын FSSC:22000, HACCP, ХАЛАЛ стандартууд бүрэн нэвтэрсэн, Монголын мах, махан бүтээгдэхүүний салбарт өөрийн гэсэн тогтолцоотой томоохон тоглогч болсон байдлыг зэрэгцүүлсэн нь ихийг өгүүлэв.
Компанийн ахисан алхам бүр танхимд суусан хүмүүсийн амьдралд ул мөр үлдээсэн байдаг. 2019 онд хагас бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрээ эхлүүлсэн тухай ярихад нэг бүсгүй хажууд суусан нөхөр рүүгээ бахархсан харцаар харав. Тэр үеэс компанид орж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр ажиллаж эхэлсэн нь бүсгүйг нөхөр рүүгээ ийн харахад хүргэжээ.
2023 он. Монголд бүрэн автомат, халал аргаар хоногт 500 бод 1000 бог төхөөрөх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон тэр өдөр. Шинэ үйлдвэрийг нээх үеэр шугам анх асахад ажилчид уухайлан алга ташсан гэдэг. Тэр мөчийг өнөө орой дэлгэцээр дахин үзүүлэхэд танхим нам гүм боллоо. Бүгд л өөрийн дурсамжаар үзэж байгаа гэмээр...
Энэ үйлдвэрүүд зүгээр нэг барилга биш. Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний бодлого руу Монголын хувьд хийж болох хамгийн бодит алхмуудын нэг. Мал төхөөрөх үйлдвэрээ олон улсын жишигт нийцүүлэн ашиглалтад оруулснаар экспортын хэмжээ өсөх боломж бүрдсэн. Ингэснээр “Манай үйлдвэр Монгол махыг дэлхийн стандарт руу гаргах хаалга нээгдсэн” хэмээн үүсгэн байгуулагчдыг хэлэхэд үнэн сэтгэлээсээ хэлж байна гэдэг нь үл ялиг чичирхийлэх хоолойн өнгөнөөс нь л мэдрэгдэв.
Өнөө орой уран гоё үгс биш, хүний хөдөлмөрийн үнэр л илүү тод оршиж байлаа. Үйлдвэрийн уур, агуулахын төмөр хаалганы хүйт даасан мэдрэмж, өглөөний зургаан цагт ажилдаа ордог хүмүүсийн жигд алхалт, тэдний хүүдий болтол хуримтлуулсан 25 жил. Энэ бүхэн танхимд дуугүй ч гэсэн нэвт мэдрэгдэнэ.
Траст Трейд өнөөдөр 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ч тэдний түүх яг энэ орой дуусахгүй. Хүнсний сүлжээ гэдэг бол зүгээр нэг бизнес биш. Монголын гэр бүлүүдийн ширээг илүү баттай, илүү аюулгүй байлгах хариуцлага. Энэ үдэш 25 жилийнхээ түүхийг эргэн харсан хүмүүсийн нүүрэн дээр хариуцлага нь илүү тод харагдаж байлаа.
Танхимд суусан хүмүүсийн яриа, инээмсэглэл дундуур нэг зүйл яалт ч үгүй ажиглагдана. Энэ компанид зөвхөн үйлдвэр, үйлдвэрлэл бус, хүмүүсийг уях утас байдаг. Өнөө орой тэр утсыг илүү их мэдрэх үе ирлээ.
Тайзнаас шилдэг харилцагчдаа танилцуулахад алга ташилт өмнөхөөсөө жаахан чангарсан. 25 жилийн хамтын хөдөлмөрийн үр дүн гэдэг нэг л гоё мэдрэмж төрүүлдэг бололтой. Энэ жил Траст Трейд шилдэг дөрвөн харилцагчаа хосоор нь Натранг руу аялуулах эрхээр, таван харилцагчаа iPhone 17-оор урамшуулжээ. “Манай харилцагчид бидэнтэй хамт өссөн, бид ч тэдэнтэй хамт тэлсэн” хэмээн онцлов.
Гэхдээ үүгээр ингээд дуусахгүй. Компанийн амьд түүх бол ажилчид нь. 25 жилийн хугацаанд ажилтнуудынхаа ур чадвар, хичээл зүтгэлийг үнэлж нийт 33 ажилтанд орон сууц худалдан авахад нь 600 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Энэ олон жилд ХХААҮЯ-ны “Салбарын тэргүүний ажилтан” цолтон 11, “Жуух бичиг”-ийн эзэд 22, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан 5, “Алтан гадас” одонт хоёр хүн төрөн гарсныг дурдахад танхимд намуухан бахархал түгэх нь мэдрэгдэнэ. Үнэндээ шагнал гэдэг бол хүний хөдөлмөрийн гэрч болдог хамгийн намуухан ч том дуу болохоор тэр...
Траст Трейдийн нэр олон нийтийн өмнө зөвхөн үйлдвэрлэлийн амжилтаар бус, нийгмийн хариуцлагаар ч тодордог. “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангагч байгууллага”–ын улсын шалгаруулалтад хүнсний салбараас анх удаа III байр эзэлсэн түүхтэй. 2022 онд Бяцхан зүрх аянаас эхлээд саажилттай хүүхдүүдийн төлөө “Халуун болор” төв, ахмад настны асрамжууд, олон байгууллагын талархал дараалан иржээ.
Өөр нэг бахархал бол дэлхийд гарах мөр. Энэ онд Германы Франкфурт хотод болсон дэлхийн хамгийн том мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн IFFA 2025-д Монгол Улсаа төлөөлөн таван нэр төрлийн бүтээгдэхүүнээ өрсөлдүүлж, хоёр алтан, нэг мөнгөн медаль хүртсэн нь танхимын гэрлийг ч тодруулж орхив. Дэлгэцэн дээр медаль гардан авах мөчийг үзүүлэхэд суудлын эгнээ бүрт зүрх бүхэн догдлон хүлээж буй нь илт.
Өнөө орой Траст Трейд зөвхөн нэг компанийн 25 жилээ тэмдэглээгүй. Хашааны цаана ажилладаг оператор, өглөөний 6-д босдог технологич, ажилтнууд дэлхийн тавцанд өрсөлдөж буй багийнхаа итгэл, хөдөлмөрийг зэрэгцүүлэн харууллаа. Яг энэ мэдрэмж л хүний хөдөлмөр, үйлдвэрийн үнэр, амжилтын амт гурвыг нэг танхимд амьсгалуулж байлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!