УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.11.28) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас Барсүрэнгийн Баасандоржийг чөлөөлж, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханыг томиллоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Баасандорж Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудын хамт шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд баяр хүргэж, Тамгын газрын тамгыг гардуулан өгөв.

Тэрбээр өмнө нь Улсын Их Хурлын Тамгын газрыг удирдан ажиллаж байсан, парламентын гал тогооны ажлыг сайн мэддэг, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан туршлагатай, мэргэшсэн хуульчид ажлаа хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна гээд ажлын амжилт хүслээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлж, анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурлын гарааг амжилттай тавьсанд түүнд баяр хүргэж, талархал илэрхийлэв.

Хууль зүйн ухааны доктор, професор Л.Өлзийсайхан нь 1998 оноос эхлэн УБИС болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж, УИХ-ын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт удирдах ажил эрхэлж байсан бөгөөд 2019-2023 онд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хуульч аж.

Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Евразийн эдийн засгийн холбооны түр хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!