Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УСАН СПОРТЫН АНХНЫ ДЭД МАСТЕР Ц.БАЯРАА БАГШ: Энэ спорт надад аз жаргал, ирээдүй, баяр баясал өгсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 5 секунд

UBN сайт “ТҮҮНИЙ ТУХАЙ” булангийнхаа энэ удаагийн дугаарт Төв бассейны ахлах дасгалжуулагч, Ц.Баярааг урьж ярилцлаа. Монгол Улсын усан спортын анхны дэд мастер, 10 гаруй мянган шавь бэлтгэсэн багш, Онцгой байдлын байгууллагын усчин аврагчдыг бэлтгэж, олон мянган хүний алтан амийг аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан гээд түүний ГАВЬЯА дуусашгүй их.

Эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж байсан хуулийн салбарын залуу боловсон хүчин 1987 онд усан спортыг сонирхож, хичээллээд өнөөдрийг хүртэл 38 жил сонирхогчоос, мэргэжлийн тамирчин, тамирчнаас багш, дасгалжуулагч гэх мэт урагшилсаар өнөөдрийг хүрчээ. Түүний шавь нар өдгөө тив, дэлхийд нэрээ дуурсгаж, 2028 оны олимпод оролцох том зорилгын төлөө урагшилж байна.

-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Цэрэннямын Баяраа гэдэг. Төв бассейны ахлах дасгалжуулагчаар ажилладаг.

-Усан спорттой холбогдсон тэр цаг мөчийг эргэн дурсаад ярилцлагаа эхэлье гэж бодлоо?

-1987 оноос усан спортоор хичээллэж эхлээд 2006 оноос багшилж эхэлсэн. Сонирхогчоос гараагаа эхэлж, тамирчин, багш, дасгалжуулагч гэж явсаар нийт 38 жилийг энэ спортод зориулсан байна. 1991 онд спортын зэрэг ангилал батлагдахад анхны спортын дэд мастер болж, 1993 онд Зүүн өмнөд Азийн тоглолтод Монгол Улсыг төлөөлж, анх удаа оролцож байсан. Олон төрлийн сургалтад сууж, тогтмол өөрийгөө хөгжүүлсээр өнөөдрийн энэ түвшинд хүрсэн гэж боддог.

-Та 38 жилийн хугацаанд нийт хэчнээн шавьтай болсон бэ?

-Усан спортын тамирчин бэлтгэх сургалтаар нийт 300 гаруй шавь бэлтгэсэн байна. Цол, зэрэгтэй мэргэжлийн тамирчид гэсэн үг. Сонирхогчийн түвшний анхан шатны сургалтаар бол 12 мянга гаруй хүн байгаа.

-Шавь нараас яг энэ спортоор тууштай хичээллээд өнөөдөр ч амжилт гаргаад явж байгаа хэчнээн тамирчин байгаа вэ?

-Миний хувьд "Далайн хаадууд" гээд усан спортын клуб хичээллүүлээд нийт 10 гаруй мастер бэлдэж гаргасан байдаг юм. Манай клубын тамирчид дотоодын болон олон улсын чанартай томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, амжилтаа ахиулаад явдаг. Ханжоу азийн наадам, Оюутны универсад, ДАШТ гээд том тэмцээнүүдэд оролцсон амжилтын түүх ч арвин бий. Яг одоо л гэхэд нэг тамирчин маань олон улсын усан спортын шугамаар Унгар Улсад 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж байгаа. Тэндээ зохиогдож буй тэмцээн уралдаануудад маш амжилттай оролцоод явж байгаа гэдэг мэдээг аваад маш их баяртай байгаа.

-Багш хүний хувьд шавь нарынхаа амжилт гаргахыг харах хамгийн том бахархал байдаг болов уу?

-Өөрийнх нь бэлдсэн тамирчид тив дэлхийд нэрээ дуурсгаж, амжилт гаргахыг харна гэдэг дасгалжуулагч болгоны л мөрөөдөл л дөө. Миний хувьд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, тамирчдынхаа амжилтаар цэнэглэгдэж яваа их азтай хүн гэж боддог.

-Бүр том мөрөөдөж байгаа зүйл нь байна вэ. Нууц биш бол?

-2028 оны олимпод өөрийн бэлдсэн тамирчдаа оруулах юмсан гэсэн бодол байна.

-Оролцох тамирчдаа бэлдээд явж байгаа юу?

-Тийм. Бэлдээд явж байгаа.

-Манай улсын усан спортын хөгжлийг энэ спорт өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад хэр түвшинд хөгжиж байна гэж боддог вэ. Бэлтгэлийн бааз гэх мэт олон зүйл дутагдалтай байдаг гэж сонсож байсан юм байна?

-Миний анх сэлж эхэлж байсан үеийг бодвол өнөөдрийн түвшин хамаагүй дээрдсэн. Олон улсын түвшинд оччихсон байгаа гэж хэлж болно. A, B цаг руу маш ойрхон байгаа. Маш олон тамирчид эрх авах гээд гаднын улс орнуудад бэлтгэл хийж байна. Бүх түвшинд тамирчдын маань чадвар өдрөөс өдөрт ахиж байгаа.

-Бусад улсын тамирчдаас Монгол тамирчдын ялгарах онцлог юу юм бэ. Таны бодлоор?

-Манай хүүхдүүд хүч, хурдны хувьд бусад орны хүүхдүүдээс илүү. Энэ нь өсвөр үе дээр ч харагддаг. Дунд үе дээр ч харагддаг. Зүүн өмнөд Азид болж байгаа тэмцээнүүдэд бага болон дунд насны хүүхдүүд байнга эхний гурван байрт шалгарч байгаа. Эндээс харахад хүүхдийн бие бялдар, сэтгэлзүйн тал дээр бид нар мундаг ажилладаг болсон байна. Дундаас дээш насанд мэргэжлийн багш нарын туршлага, мэдээлэл гэх мэт бага зэрэг хоцрогдсон тал бий.

-Хүүхдийг ер нь хэдэн настайгаас нь усан спортоор хичээллүүлбэл зүгээр вэ?

-Би бол хүүхдийг 6 настайгаас нь хичээллүүлбэл их зүгээр гэж боддог. Яагаад гэхээр тухайн хүүхэд тухайн жил нь сургуульд орсон байдаг учраас бие даах, үг даах чадвар нь илүү сайжирсан байдаг.

-Эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа юу вэ?

-Хэтэрхий их яардаг. Усан спорт өөрөө их онцлогтой. Нэг сэлэлтийг сурахад 3 сар зарцуулдаг. Гэтэл зарим эцэг, эхчүүд нэг сарын дотор бүх зүйлийг сургахыг хүсдэг. Тийм боломж байхгүй. Тиймээс тэвчээртэй байгаад хүүхдээ дэмжээд, хурцлаад өгөөсэй гэж боддог.

-Таныг онцгой байдлын байгууллагын усчин аврагчдыг болон 21 аймгийн усны багш нарыг бас бэлдсэн гэж сонссон юм байна?

-Онцгой байдлын аврагчдыг 2012 оноос бэлдэж эхэлсэн. 21 аймгийн аврагчдыг усанд сэлүүлж сургах ажилд гар бие оролцож, түүчээлж оролцсондоо баяртай байдаг. Одоо бол онцгой байдлын алба хаагчид өөрсдөө сэлэлтүүдээ заадаг чадвартай болсон. Усны багш бэлтгэх сургалтын тухайд, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд болон Багануур дүүрэгт ажилласан. Миний бэлдсэн шавь нар одоо хот улсын аваргууд болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай уралдаж, медальт байранд шалгараад явж байгааг харах сайхан байдаг.

-Таны үндсэн мэргэжил юу юм бэ. Мэргэжлээрээ ер нь ажилласан уу?

-Би Эрхзүйч мэргэжилтэй хүн. Мэргэжлээрээ 1998 оноос 2003 он хүртэл ажилласан.

-Таны гэр бүлийн хүн бас багшилдаг юм байна. Усаар холбогдож танилцсан уу. Гэр бүлийнхээ хүний талаар?

-Бид хоёр 2011 оны сүүлээр яг энэ төв бассейнд танилцаж байсан юм. Анх танилцахад манай хүнд усны тухай ойлголт байгаагүй. 10 гаруй жил надтай хамд энэ спортыг хөгжүүлэхэд гар бие оролцож, усны тухай маш сайн ойлголттой болсон.Далайн хаадууд клубыг байгуулахад хамгийн гол үүргийг гэр бүлийн маань хүн гүйцэтгэсэн. Энэ клубын хамгийн чухал хүн гэж хэлж болно. Сонирхогчдын түвшинд багшилдаг.

-Энэ спорт, энэ ажлаасаа мэдэрдэг хамгийн сайхан зүйл тань юу вэ?

-Би бассейны зааланд өдөрт дунджаар 10 цагийг өнгөрүүлдэг. Ийм их цагийг зарцуулдаг болохоор ч тэр юм уу. Өглөө ороод ирэхэд үнэр нь хамгийн сайхан санагддаг. Хоёдугаарт хүүхэд болгонтой харьцаж ажилладаг ажил учраас маш их тайвшралыг мэдэрдэг. Гадна орчноос арай өөр тайван ерцөнц гэж хэлж болно.

Энэ спорт танд юу өгсөн бэ?

-Энэ спорт надад аз жаргал, ирээдүй, баяр баясал өгсөн.

-Таны болон танай клубын ойрын хугацааны зорилго юу вэ?

-Ойрын зорилт бол Монголын усан спорт сонирхогчдын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн байгаа. 40 гаруй тамирчин бэлдэж, оролцуулахаар эрчимжүүлсэн бэлтгэл хийж байна. Он гаргаад нэгдүгээр сард насанд хүрэгчдийн Улсын аварга байгаа. Үргэлжлээд өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга болно. Тайланд Улсад болох тэмцээнд оролцохоор бас бэлтгэлдээ гарсан байгаа. Хоёрдугаар сард Турк Улсын дасгалжуулагч Can Onsoy гэдэг хүнийг хамтарсан бэлтгэл сургалт, судалгааны чиглэлээр Монголд урьсан байгаа. Зургаадугаар сард "Далайн хаадууд" клубын 15 жилийн ойн нэрэмжит "Blue Mongolia Buir 2026" тэмцээнийг Буйр нуурт зохион байгуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлаа хангаад явж байна. Энэ нь Монгол анх удаа байгалийн нуурт зохион байгуулагдах олон улсын ьүвшний задгай усан сэлэлтийн наадам гэдгээрээ онцлогтой. Долдугаар сард АНУ-ын Флорида мужийн "Азура" клубтэй хамтарсан бэлтгэл хийхээр 15 хүний нэр дэшигдээд явж байна.

МАН-ынхныг албан тушаалын төлөө галзуурлын байдалтай болсон гэв
МАН-ынхныг албан тушаалын төлөө галзуурлын байдалтай болсон гэв
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.