
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр өнөөдөр орон нутагт ажиллаж Тэс сумын иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, ирэх жилийн хөгжлийн зорилт, 2026 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах санал, санаачилгыг иргэдээс авлаа.
Арц суурь–Нөмрөг чиглэлийн авто замын ажил эхэлсэн, боомтын бүтээн байгуулалтын ТЭЗҮ хийгдсэн, ОХУ-аас боомтоор шатахуун импортлох тогтоол батлагдсан, суманд услалтын систем байгуулах төлөвлөгөөтэй байгаа зэрэг бодлогын шийдвэрийг иргэд талархан хүлээн авсан байна.

Мөн иргэд шатахууны үнэ, залуу малчдыг дэмжих бодлого, сургуулийн дотуур байр, гал тогоо, спорт заалын асуудал, Баян-Уул багт дахин дамжуулах станц байгуулах шаардлага зэрэг тулгамдсан сэдвийг хөндлөө. Тэс суманд энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл баригдаж байна. Харин орон нутгийн төсвөөр хадлангийн трактор, иж бүрдэл, соёлын төвд LED дэлгэц, гэрэлт гудамжийн ажлыг хийж, энэ онд багтаан шинэ ковш нийлүүлэхээр төлөвлөжээ.