
Дулааны цахилгаан станцад лам нар авч ирэн, ном уншуулж буй зураг цахим орчинд цацагдаж, иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, "Лам авч ирээд дулаан өвөлждөг бол бүх зүйлээ лам нараар шийдүүлье. Лам нар ном уншсан юм чинь энэ өвөл айлтгүй байх нь" гэхчлэн шүүмжилсээр байгаа юм.
Тэгвэл лам авч ирэн, ном уншуулсан Увс аймгийн "Улаангомын Дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийн захирлаас энэ талаар утсаар тодрууллаа.
-ДЦС-д лам залж ном уншуулсан гэдэг мэдээ гараад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Манайх аймгийн станц. Инженер техникийн ажилтнууд үндсэн зуухын засвар үйлчилгээгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж дуусгаад галлагаа эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 14-нд аймгийн гал голомт гэдэг утгаараа, мөн ажилчдынхаа сэтгэл санааг бас өргөх үүднээс 30 минутын дом хийдэг.
-Энэ жил анх удаа лам нар авч ирсэн үү. Жил болгон ном уншуулдаг уу?
-Угаасаа станцууд жил болгон аймгийн гал голомт гэдэг утгаараа хийдэг байх. Манайх бол 2014 онд ашиглалтад орсон цагаасаа эхлээд хийлгэж байгаа.
-Бэлтгэл ажил хангагдсан байгаа нөхцөлд лам авч ирэх шаардлага байдаг уу?
-Манай өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байгаа. Тиймээс ажил эхэллээ гээд ёс болгоод хийдэг. Ер нь бол аймгийн гал голомт гэдэг утгаар лам авч ирж, дом болгодог.
Э.Ариунтөгс