УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нар өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр ноцтой мэдээлэл хийсэн. Энэ нь Оюутолгойн гэрээний тухай тогтоолын төслийг батлах үеийн УИХ-ын нэгдсэн чуулганы хурлын тэмдэглэл алга болсон гэсэн утгатай. Гэвч энэ мэдээлэл нь ноцтой бус, харин хоёр гишүүний ой санамжид “ноцтой” зүйл тохиолдсон бололтой...
Б.Бат-Эрдэнэ гишүүн “Оюутолгойн хөрөнгө оруулалт, өнөөдөр болж байгаа үйл явдал бол асар их баялагтай бага буурай орны төр засгийн удирдлагыг худалдан авах замаар тонон дээрэмддэг асуудлын бодит жишээ болж байна. Өнөөдөр Оюутолгой үр ашиггүй, гол буруутан бол бид бүхэн юм шиг л ойлголттой байна. УИХ-ын архиваас яг Оюутолгойн гэрээг байгуулж байх үеийн бүх протоколууд алга болсон байна” хэмээн хэлсэн.
Харин Ц.Даваасүрэн гишүүн “Би 3, 4 жил Оюутолгойн гэрээг дэмжсэн, дэмжээгүй санал хураалтын баримтыг авъя гэхэд байхгүй байгаа. Энэ бол маш аюултай зүйл шүү” гэжээ.
Энэ мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин твитер хуудсандаа 2009 оны долдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын төслийг баталсан хурлын тэмдэглэлийн сүүлийн хуудас буюу санал өгсөн гишүүдийн нэрсийн зургийг оруулаад “Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм бол. Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад дэмжиж, хамгаалж байсан хүмүүс нь байж” хэмээн оруулсан байна. Тэрбээр 2017 оны зургадугаар сард “Хуулбар үнэн” гэх тамгатайгаар УИХ-ын архиваас тэмдэглэлийг авчээ.
Энэ Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн хоёр яагаад ингэж жүжиглээд байдаг юм бол. Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад дэмжиж, хамгаалж байсан хүмүүс нь байж. https://t.co/Y7nrtPZIIz pic.twitter.com/zHORkR9rxZ
— Temuujin Kh (@Temuujin_Kh) December 12, 2020
Энэхүү санал хураалтаас харахад, чуулганы хуралдаанд 49 гишүүн оролцож, 31 гишүүн буюу 63.3 хувийн саналаар уг тогтоолын төсөл дэмжигдэж байсан аж. Эдгээр гишүүний тоонд дээрх хоёр гишүүний нэр дурайж байх... Тэд Оюутолгойн гэрээг дэмжсэн гавьяагаа нийтэд харуулах гэсэн үү, эсвэл ой санамжаа алдаад энэ талаарх асуудлыг УИХ-ын чуулган дээр хөндсөн үү гэдэг нь эргэлзээтэй.
УИХ-ын нэгдсэн сайт болох parliament.mn сайтад тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл хадгалагдан, хэн ч татаад үзэж болохоор байршигджээ. Энэхүү хурлын тэмдэглэлийг сөхөж үзвэл, Б.Бат-Эрдэнэ гишүүн дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.
2009 оны долдугаар сарын 17-ны УИХ-ын нэгдсэн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлд,
Б.Бат-Эрдэнэ: -Би Байнгын хорооны тогтоолын төсөл бололцооны байна. Ер нь, Оюутолгойн гэрээг сайн сайжруулаад, усыг нь нэлээд шахах юм бол бололцоотой гэж ингэж ойлгоод байгаа юм. Гол юм нь энэ 1, 2, 3, 4 гээд орчихсон. 34 хувиас эхэлж тогтооно. Тэгээд анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувийн өмчийг 50-иас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх, энэ заалтууд зөв зүйтэй байна.
Үүнээс үзэхэд, тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах нь зүйтэй хэмээн үзэж, үзэл бодлоо илэрхийлж байсан байгаа юм. Гэтэл одоо юуны учир ой санамжаа алдан байж попрох болов оо...
Хоёр гишүүний хувьд 50 гаруй насных, нэг нь тав дахиа, нөгөө нь дөрөв дэхээ УИХ-д сонгогдон ажиллаж буй. Насны хувьд өндөр биш ч олон сонгогдсон гишүүдийн тэргүүн эгнээнд зогсоно. Цол дагаж эрэмбэ өсдөг шиг УИХ-д олон жил суухаар попрох үе шат өсч, ой санамжаа алдаж жүжиглэх дээрээ тулдаг бололтой...
Алдагдсан гэх хурлын тэмдэглэл чинь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинд байна. Түүнээс авч чадахгүйд хүрвэл parliament.mn рүү ороод татаж үзэж болох нь ээ, гишүүд ээ...