
Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа О.Алтангэрэл энэ оны нэгдүгээр сард тушаал гаргаж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай тэд холбоотой. Ц.Элбэгдоржийн 2014 онд гадаадынхантай тохирсон хэлцэл үнэнд гүйцэгдэж байна. Тиймээс одоо ирж хүмүүсийн толгойг эргүүлэх гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийг чөлөөлсөн юм.
Улмаар сайдынхаа тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн Бригадын генерал Р.Чингис шүүхэд хандаж, шүүхээс Дотоодын цэргийн штабын даргын албан тушаалд буцаан томилохыг сайдад нь даалгаж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл энэ талаар одоогийн сайд болох ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатараас тодруулахад "Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал Р.Чингисийг буцаан томилох шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, буцааж томилно. Ажилгүй байсан хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалттай" хэмээлээ.