Айлын том охин, аавын жаахан охин А.Цолмон-Эрдэнэ энэ жил Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн оюутан болжээ. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас биеийн тамирын арга зүйч мэргэжлээр суралцахаар нийслэл хотыг зорьсон нь энэ.
Анх гэрээсээ холдож, оюутан болж ирнэ гэхээр жаахан айдастай байсан ч өнөөдөр шинэ багш нар, олон найз нөхөд, гоё сургуулийнхаа орчинд дасаж, оюутны амьдралынхаа эхний алхмыг амжилттай хийж явна. “Хүмүүс оюутан болоод их хэцүү байдаг гэж ярьдаг. Одоогоор ангиа олохгүй, хааяа хичээлээсээ хоцрохоос бусад нь бол үнэхээр сайхан байна” гэж тэр инээмсэглэн ярив.
Хот руу ирэхэд нь ээж, аав хоёр нь “Хичээл номдоо шамдаж, олон найз нөхөдтэй болж, мэргэжлээ эзэмшээд нутагтаа хурдан ирээрэй миний охин” гэж захиж үлдээжээ. Аав нь хөгжилтэй, аливааг эергээр хардаг хүн тул охиноо явуулахдаа хүртэл тоглоом шоглоом хийж, “Хүүхдийн толгой дээр кофе асгаж болохгүй шүү” хэмээн инээдтэй үг хэлсэн гэдэг. А. Цолмон-Эрдэнэ охин аавтайгаа үеийн нөхөд шигээ дотно, бүхнээ хуваалцдаг бөгөөд “Ээждээ хэлдэггүй нууцаа хүртэл аавдаа ярьдаг” хэмээн бахархалтайгаар өгүүлсэн юм.
-Сургуулиа дүүргээд нутагтаа багшлахын хажуугаар хайртай спортоо хүүхэд, залууст зааж сургахыг хүсдэг-
Ташрамд дурдахад А.Цолмон-Эрдэнэ охин сур харваагаар хичээллэдэг гэнэ. Түүний хувьд спортын мастер, аймгийн мэргэн О.Чулуунбат өвөөгөөрөө найман настайгаасаа сур харвааны ухааныг өвлөж авсан нэгэн бөгөөд өдгөө Монгол Улсын Идэр мэргэн болжээ. Түүний амжилтын ард ээж, аавын дэмжлэг, спортын багш өвөө нь бий. Хичээл, бэлтгэлээ тарж ирээд гэртээ орой бүр гэрэлтүүлэг асааж сурынхаа бэлтгэлийг хийдэг тэр хөдөлмөрийнхөө үр дүнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмын өсвөрийн харваанд түрүүлж, мөн 2022 ондоо өсвөрийн улсын аварга болж, 2022 онд нийт 22 алтан медалийн эзэн болсон байна.
А.Цолмон-Эрдэнийн хамгийн том зорилго нь сургуулиа дүүргээд нутагтаа буцан очиж, багш болох. Тэр үедээ зөвхөн хичээл заагаад зогсохгүй өөрийн хайртай спорт болох чөлөөт бөх, үндэсний сурын харвааг хүүхэд багачууддаа өвлүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаа гэнэ.
Аав нь охиндоо байнга “Ямар ч спортод золиос хэрэгтэй. Хүн золиос хийж байж амжилтад хүрдэг. Хэдий чинээ их хичээнэ, төдий чинээ өндөр амжилт ирдэг” гэж захидаг гэнэ. Тиймдээ ч ээж, аавынхаа үргэлж хамт байдаг дэмжлэг, урам, хайртай хамтдаа явсан тэмцээн бүр нь түүнд дахин дахин ялалт авчирдаг гэнэ.
Өргөн говийн талд эхэлсэн түүний мөрөөдөл өнөөдөр нийслэлийн их сургуулийн танхимд хичээл зүтгэлээр үргэлжилж, маргааш монголын спортын түүхэнд шинэ хуудсыг бичих нэгэн болж гялалзах нь гарцаагүй билээ.